Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн дараах нөхөн сэргээлтийн судалгаа, төлөвлөгөөг боловсруулахаар эрдэмтэн, судлаачид хэлэлцлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-10-29 02:59:11
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн дараах экосистемийн нөхөн сэргээлтийн судалгаа, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах асуудлаар эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгууллаа.
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн ДЦГ нь Монгол орны зүүн бүсийн ой, ойт хээр, тал хээр, гол мөрний экосистемийг цогцоор нь хамгаалдаг, биологийн олон янз байдлын онцгой ач холбогдолтой газар юм. Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоохоор Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд яамнаас 17 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж байна.
Түймрийн дараах нөхөн сэргээлтийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх зорилгоор зохион байгуулсан уулзалтад ургамал, амьтан, шувуу, шавж, ой, хөрс, цаг уур, зайнаас тандан судлал, экологийн чиглэлээр мэргэшсэн 27 эрдэмтэн, судлаач, мэргэжилтнийг урьж оролцуулан судалгааны чиглэл, аргачлал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаачид өмнө нь түймэрт өртсөн экосистемийн олон жилийн судалгааны үр дүн, ургамлын бүрхэвч, жижиг мэрэгч, махчин амьтдын бүлгэмдэлд гарсан өөрчлөлт, байгалийн нөхөн сэргэлтийн явцын талаар танилцууллаа. Түймрийн дараах экосистемийн сэргэлт нь тухайн газрын хөрс, ургамлын онцлог, түймрийн эрчим, амьтдын идэш тэжээл, амьдрах орчны нөхцөлөөс хамааран харилцан адилгүй явагддаг тул бүх талбайд ижил арга хэмжээ хэрэгжүүлэх нь зохимжгүйг онцолсон юм.
Мөн Нөмрөгийн дархан цаазат газарт тархсан ховор, нэн ховор ургамал, амьтдын амьдрах орчны өөрчлөлтийг үнэлэх, түймэрт өртөөгүй талбайд шилжин байрласан амьтдын нөхцөл байдлыг судлах, шаардлагатай хамгааллын болон биотехникийн арга хэмжээг тодорхойлох асуудлыг хэлэлцэв. Үүний зэрэгцээ хөрсний төлөв байдал, ургамлын биомасс, бүрхэц, түймрийн эрчим, усны нөхцөл болон орон зайн мэдээллийг нэгтгэн судалж, байгалийн жамаар нөхөн сэргэх боломжтой талбайг хүний оролцоо шаардлагатай хэсгээс ялган тогтоох шаардлагатай гэж үзлээ.

Хэлэлцүүлгийн нэг чухал сэдэв нь экосистемийн урт хугацааны мониторинг, судалгааны нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх асуудал байв. Түүнчлэн түймрийн улмаас учирсан хохирол, байгалийн нөхөн сэргэлтийн үйл явц, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээллийг тогтмол хүргэх, судалгаагаар баталгаажаагүй мэдээлэл, ташаа ойлголт түгээхээс сэргийлэхэд эрдэмтэн, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Мөн ой, хээрийн түймрийн дараах экосистемийн нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын судалгаа, сайн туршлагыг судалж, Монгол орны байгаль, цаг уур, экосистемийн онцлогт тохируулан нэвтрүүлэх, гадаадын мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр сайд Ц.Сандаг-Очир хохирлын үнэлгээ, экосистемийн суурь судалгаа, байгалийн нөхөн сэргэлтийн мониторингийг уялдуулан, богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулахад эрдэмтэн, судлаачдын оролцоо чухал болохыг онцлов.
Цаашид судалгааны ажлын хамрах хүрээ, аргачлал, хэрэгжүүлэх үе шат, оролцох байгууллагуудын үүрэг, шаардлагатай санхүүжилтийг тодорхойлохын зэрэгцээ олон улсын байгууллага, түнш орнуудын мэргэжлийн болон техникийн дэмжлэгийг татан оролцуулах, судалгааны үр дүнг олон нийтэд нээлттэй, ойлгомжтой мэдээлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлт нь зөвхөн шатсан ой, ургамлыг сэргээх бус, ховор амьтан, ургамлын амьдрах орчин, хөрс, ус, экосистемийн харилцан хамаарал, биологийн олон янз байдлыг урт хугацаанд хамгаалах цогц ажил юм. Иймд шинжлэх ухааны судалгаанд тулгуурлаж, олон улсын сайн туршлагыг нутагшуулан, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхийн зэрэгцээ эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай төлөвлөж хэрэгжүүлэх нь чухал байна.

Холбоотой мэдээ