Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын хөгжлийн гол цөм нь хүний нөөц юм

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-10-15 05:16:50

Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар оролцож, салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашдын шинэчлэлийн чиглэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгааг онцолж, тус төвийн үе үеийн удирдлага, нийт хамт олонд ойн баярын мэнд хүргэв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарт шинэ технологи, орчин үеийн тоног төхөөрөмж, цахим систем, санхүүжилтийн шинэ загварууд нэвтэрч байгаа ч тэдгээрийг бодит үр дүнд хүргэх гол хүчин зүйл нь мэдлэг, ур чадвар, ёс зүй, хариуцлагатай хүний нөөц болохыг онцоллоо. Тэрбээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тасралтгүй хөгжлийг хангах нь зөвхөн хүний нөөцийн асуудал бус, иргэдийн эрүүл мэндийг найдвартай хамгаалах, тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх төрийн бодлогын үндэс суурь гэдгийг тэмдэглэв. Цаашид эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дараах үндсэн чиглэлээр эрчимжүүлэх шаардлагатайг дурдлаа.


Үүнд:
* Тасралтгүй суралцах орчныг бэхжүүлэх;
* Мэргэжилтнүүдийг бодит хэрэгцээтэй газарт нь зөв хуваарилах;
* Тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд чанарын удирдлага, засаглал, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт болон цахим шилжилтийг цогцоор нь хөгжүүлэх нь чухал юм.


Энэ удаагийн олон улсын сургалт нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг цахим шилжилт, их өгөгдөл, хиймэл оюун ухаантай уялдуулан хэлэлцэж байгаагаараа онцлогтой. Сургалтаар олон улсын туршлага, сайн туршлагад тулгуурласан зөвлөмжүүдийг судалж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлтөд ашиглах боломжийг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь салбарын хүний нөөцийн бодлого, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр манлайлан ажиллахын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаа, мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.





Холбоотой мэдээ