“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-09-23 04:28:36

Есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг зохион байгуулна. Энэ өдрийн нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалтын талаар нийслэлийн холбогдох албан тушаалтнууд, байгууллагуудын төлөөлөл мэдээлэл өглөө.

Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Жил бүрийн есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр” болдог. Энэ жил анх удаа тус өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулж байна. Шөнийн гүйлт 17:00-23:00 цагийн хооронд үргэлжилнэ. Дэлхийн олон улс, хотод зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний гол зорилго нь автомашины хэрэглээг бууруулах, иргэдийг явган алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчих зэрэг хөдөлгөөний өөр хэлбэрийг сонгоход уриалах юм. “Шөнийн марафон”-ы хувьд Улаанбаатар хотын шөнийн өнгө төрх, гудамж, талбайд олон мянган иргэн нэгэн зорилгын дор цуглан гүйх нь нийслэлийн иргэдийн оролцоо, эрч хүчийг харуулах онцгой үйл явдал болно. Иргэдэд хүртээмжтэй тээврээр үйлчлэх, ойр орчмын зах, худалдааны төвүүдийг хаахгүй байхаар зохицуулж байгаа” гэв.


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Есдүгээр сарын 26-нд болох хоёр арга хэмжээг иргэд зөвхөн “Автомашингүй өдөр”, “Шөнийн марафон” гэж битгий хараарай. Энэ бол нийслэлд амьдарч байгаа бүх насныханд зориулсан эрүүл мэнд, нийгэм, соёлын цогц арга хэмжээ юм. ДЭМБ-аас өдөрт 10 мянган алхам алхахыг уриалдаг. Энэ өдөр бид гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ хамт алхах боломж бүрдэнэ. Тухайн өдөр нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд болон эрүүл мэндийн үндэсний төвүүдийн мэргэжилтнүүдээс өөрт хэрэгтэй мэдээлэл, нарийн зөвлөгөөг авах боломжтой” гэлээ.


ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Автомашингүй өдөр-2026” арга хэмжээний үеэр 07:00-18:00 цагийн хооронд тодорхой бүсүүдэд машины хөдөлгөөнийг хязгаарлана. Энэ өдөр цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан. “Автомашингүй өдөр”-ийн бүсчлэлд цахилгаан скүтер, мопед, суррон зэрэг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй. Тус бүсэд оршин суудаг иргэд тээврийн хэрэгслээ өмнөх өдөр нь бүсчлэлээс гаргаж байрлуулахыг зөвлөж байна. “Шөнийн марафон”-ы үеэр цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хуульд заасан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна” гэсэн юм.


Холбоотой мэдээ