Химийн бодис, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-11-12 05:28:10

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “Монголын химийн үндэсний ассоциаци” ТББ байгаль орчны бодлогын хэрэгжилтийг дэмжих, химийн бодис, хог хаягдлын зохистой менежментийг хөгжүүлэх, судалгаа, шинжилгээ, мэргэжлийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаяр, “Монголын химийн үндэсний ассоциаци” ТББ-ыг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Батжаргал нар өнөөдөр /2026.10.16/ гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд химийн бодис, хог хаягдлын зохистой менежмент, аюулгүй хэрэглээтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг дэмжих, олон улсын конвенц, гэрээний үүргийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм. 

Мөн салбарын бодлого боловсруулахад шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Түүнчлэн химийн бодисын менежмент, хог хаягдал, бохирдлыг бууруулах үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, ногоон технологи, цэвэр үйлдвэрлэл, инновацыг дэмжих, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэхэд анхаарна.

Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд мэргэжлийн сургалт, туршлага солилцох хөтөлбөр зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгжийн экологийн боловсролыг дээшлүүлэх, химийн бодис, хог хаягдлын менежментийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх чиглэлээр хамтран ажиллана.

Мөн байгаль орчны бодлого, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, техникийн үнэлгээ, дүгнэлт хийхэд хамтран ажиллах, химийн осол, онцгой нөхцөл байдлын үед мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, донор байгууллагын санхүүжилттэй төсөл, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм.

Энэхүү санамж бичиг нь төр, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухаан, судалгаанд тулгуурласан бодлогын хэрэгжилтийг дэмжих, химийн бодис, хог хаягдлын зохистой менежментийг хөгжүүлэх, байгаль орчин, хүний эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахад чиглэж байна.

 

 

 

Холбоотой мэдээ