Монгол, БНСУ-ын U12 насны волейболын хамтарсан бэлтгэл удахгүй эхэлнэ
Нийгэм
Монголын Волейболын Холбоо, Монголын Волейболын Холбооны БНСУ дахь салбар холбоо болон БНСУ-ын Бага сургуулийн Волейболын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Монгол Улсад U12 насны волейболын хамтарсан бэлтгэл зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү арга хэмжээнд БНСУ-ын Бага сургуулийн Волейболын Холбооны Удирдах зөвлөлийн төлөөлөл, холбооны ажилтнууд, багш, дасгалжуулагчид болон U12 насны тамирчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор төлөвлөгдөж байна.
Хамтарсан бэлтгэлийн үеэр хоёр улсын өсвөрийн тамирчид хамтран бэлтгэл хийж, тоглолтын туршлагаа солилцохын зэрэгцээ багш, дасгалжуулагчдад зориулсан сургалт, арга зүйн үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байна.
Монголын өсвөрийн тамирчидтай ажилладаг багш, дасгалжуулагчдад шинэ мэдлэг, арга барил эзэмших, олон улсын туршлагаас суралцах боломж олгох нь энэхүү ажлын чухал зорилтуудын нэг юм.
Монголын Волейболын Холбоо БНСУ-д албан ёсны салбар холбоотой болсон нь ирээдүйн Монгол Улсын шигшээ багийн тамирчдыг бэлтгэн хөгжүүлэх, хоёр улсын волейболын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын волейболын сургалтын арга барил, хөгжлийн түвшинтэй хамтдаа суралцах чухал алхам болж байна.