АНУ-ын завсрын сонгууль болон AI-ийн хүлээлт дэлхийн технологийн салбарын хувьцааг унагав

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-11-06 07:50:06
АНУ-ын завсрын сонгууль хиймэл оюун ухааны (AI) хөгжил саарах вий гэх болгоомжлолыг дагуулснаар зах зээлд хүчтэй савлагаа үүсэж, АНУ, Европ, Азийн технологийн томоохон компаниудын хувьцааны үнэлгээ хэдэн их наяд доллароор уналаа.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хиймэл оюун ухааны хөгжлийг сааруулах амлалт өгсөн Ардчилсан намынхан ялалт байгуулсны дараа технологийн салбарын компаниудын хувьцаа огцом хумигдав.
"Dow Jones"-ийн мэдээллээр, технологийн компаниуд голчилдог "Nasdaq Composite" индекс пүрэв гарагт 5.5%-иар унаж хаагдсан бөгөөд зах зээлийн үнэлгээнээсээ ойролцоогоор 2.5 их наяд ам.доллар (1.9 их наяд фунт стерлинг)-ыг алдсан байна. Түүнчлэн АНУ-ын хөрөнгийн зах зээлийн бусад гол индексүүд ч мөн адил үлэмж хэмжээний алдагдал хүлээж, 2025 оноос хойших хамгийн муу өдрөө үдлээ.
Энэхүү масс борлуулалт (хувьцаагаа олноор нь зарах үзэгдэл) нь хиймэл оюун ухаанд зарцуулж буй асар их хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгөх эсэхэд эргэлзэх нийтийн болгоомжлолыг улам лавшруулж байна.
Азийн зах зээлийн хувьд, AI-ийг ажиллуулдаг компьютерын чип болон бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын хувьцаа унаснаар баасан гарагийн өглөө технологийн индексүүд мөн адил хүчтэй савлав.
Японы "Nikkei 225" индекс үдээс хойш 6.3%-иар унасан бөгөөд санах ойн чип үйлдвэрлэгч "Kioxia" компанийн хувьцаа бараг 11.5%-иар, түүний өрсөлдөгч "Tokyo Electron"-ийн хувьцаа 5.8%-иар тус тус буурчээ.
Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч "SK Hynix" 8.8%-иас илүү хувиар унасан бол "Samsung"-ийн хувьцаа 6% орчмоор буурав. Сөүлийн хөрөнгийн бирж дээрх энэхүү савлагаа нь "Kospi" индексийг өглөөний арилжаагаар 8%-иас илүү унагаж, улмаар паникт орсон борлуулалтыг хязгаарлах зорилготой арилжааг түр зогсоох "Circuit Breaker" (гал хамгаалагч) механизмыг идэвхжүүлэхэд хүргэсэн байна. Улмаар "Kospi" индекс үдээс хойш 5% орчим уналттай байв.
Холбоотой мэдээ