Б.Түвшин: Оюутолгойгоос ногдол ашиг орвол хуулийн дагуу Баялгийн санд төвлөрүүлсний дараа хэрхэн зарцуулахаа ярих ёстой
Улс Төр
Ардчилсан намын 4:11 хэвлэлийн бага хурлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, АН-ын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар Оюутолгойн иргэдэд хүрэх ёстой ногдол ашгийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Төсвийн асуудлаар гурван үндсэн байр суурь илэрхийлье. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай. Одоогийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан боловч Засгийн газраас алдагдлыг 2.3 их наяд төгрөг болгон нэмэгдүүлж оруулж ирсэн. Тиймээс төсвийн алдагдлыг наад зах нь анх төлөвлөсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх ёстой.
Хоёрдугаарт, төсвийг Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх хэрэгтэй. Төсвийн хүрээний мэдэгдлээс давсан 7 их наяд төгрөгийн зардал байгаа. Төсвөө батлуулахын тулд Төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулан өөрчилдөг зарчмыг Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж байна. Төсвийн бодлого нь тогтоосон хүрээ, сахилга батдаа нийцсэн байх ёстой.
Гуравдугаарт, Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг эхлээд нягтлах хэрэгтэй. Үүнээс гадна компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан эсэх, санхүүгийн тайлан, бүртгэлд ногдол ашиг хэлбэрээр тусгаж тайлагнасан эсэх зэрэг олон шалгуурыг нягтлах шаардлагатай. Одоогоор уг мөнгийг ногдол ашиг мөн эсэх нь тодорхойгүй байгаа тул эхлээд энэ асуудлыг эцэслэн тодорхой болгох ёстой.
Хэрэв уг мөнгө Монгол Улсад орж ирэх нь баталгаатай бөгөөд ногдол ашиг болох нь тогтоогдвол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу Баялгийн санд төвлөрүүлэх ёстой. Үүний дараа хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар иргэд, олон нийтийн саналыг авч болно.
Миний хувийн байр суурийн хувьд, энэ хөрөнгөөр тэтгэврийн сангаа мөнгөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эдийн засаг өсөж, тэлэх үед ч, саарч буурах үед ч иргэдийн тэтгэврийг тасалдалгүй, тогтвортой олгох тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Тэтгэврийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлж, санхүүгийн чадавхыг нь бэхжүүлснээр эдийн засгийн тодорхой эрсдэлийг даван туулах боломж бүрдэнэ.
Харин Ардчилсан намын бүлгийн байр суурь бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Баялгийн сангийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна” гэв.