Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-10-02 03:39:30

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, хамт олон салбарын ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд асан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат агрономич Ш.Гунгаадорж, Шадар сайд асан, ХХААХҮ-ийн сайд асан Д.Тэрбишдагва, ХХАА-н сайд асан, Гавьяат эдийн засагч Ч.Содномцэрэн тэргүүтэй салбарын үе үеийн удирдлага, ахмад буурлууд, Төрийн шагналтнууд, Хөдөлмөрийн баатрууд, алдар гавьяатнууд хүрэлцэн ирэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат салбарын ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Үүний дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Ахмадын холбооны дарга Д.Жанцанхорлоо, Монгол Улсын Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Д.Тэрбишдагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар саальчин С.Алтанцэцэг, Усны зөвлөх инженер, хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор Ш.Баранчулуун нар үг хэллээ.
Энэ үеэр Монгол Улсын Төрийн соёрхолт, арьс ширний технологич, зөвлөх инженер Бат-Очирын Дандарын хөдөлмөр, бүтээл, туршлага болон инновацын үзэсгэлэнгийн нээлт болов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх ахмадын байгууллагад төрийн яам, харьяа байгууллага, агентлагын болон хүнс, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр, худалдааны салбарын нийт 280 ахмад харьяалагддаг.

Салбарын нийт алдар цолтон 84, академич 1, эрдэмтэн доктор 17, зөвлөх мэргэжилтэн 28 байна. Тэдний дотор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 17, гавьяат цолтон 62, Төрийн шагналт 6, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Сайд нарын зөвлөлийн орлогч, сайд, орлогч сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтанаар ажиллаж байсан болон эрдэмтэн, судлаач, зөвлөх зэрэгтэй олон ахмад мэдлэг, туршлага, ур чадвараараа залуу үедээ үлгэр дуурайл үзүүлж байна.

Ахмадуудын маань туулж ирсэн замнал, бүтээж байгуулсан ажил үйлс, үлдээсэн үнэтэй өв уламжлал салбарынхны хувьд үргэлж бахархал, үлгэр дуурайл болдог билээ.


Холбоотой мэдээ