Таван холбоо, нэг зорилго: 2 жилийн зөвшилцлийн дараа Монголын IT-ийн салбар "Мэргэжлийн нэгдсэн холбоо"-г байгуулах алхмыг хийлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-11-11 05:17:42
Монголын мэдээллийн технологийн компаниуд нь технологийн шийдэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ өрсөлдөхийн зэрэгцээ өөр өөрийн мэргэжлийн холбоогоор дамжуулан салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Гэвч салбарын нийтлэг асуудал, эрх ашиг, бодлогын санал, байр суурийг нэгтгэн илэрхийлэх хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байв.


Татвар, нийгмийн даатгал, хууль эрх зүйн орчин, төрийн худалдан авалт, хүний нөөц, технологийн дэд бүтэц, хөрөнгө оруулалт зэрэг мэдээллийн технологийн компаниудад тулгардаг олон асуудлыг аль нэг холбоо нь дангаараа шийдвэрлэх боломжгүй бөгөөд эдгээр нь салбарын нийтлэг байр суурийг шаарддаг. Тиймээс мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, салбарын нэгдсэн төлөөллийг бий болгох нь цаг үеийн шаардлага болоод байна.

ХОЁР ЖИЛИЙН ЗӨВШИЛЦӨЛ НЬ БОДИТ АЛХАМ БОЛОВ

“Мэргэжлийн нэгдсэн холбоо”-г байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээс хойших 2 жилийн хугацаанд мэдээллийн технологийн салбарын холбоод энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхээр харилцан ярилцаж, зөвшилцөл хайсаар ирсэн юм.

Энэ хүрээнд холбоод нь 2026 оны 9 дүгээр сарын 10-нд “Мэргэжлийн нэгдсэн холбоо”-г байгуулах асуудлаар дахин хуралдсан бөгөөд улмаар 2026 оны 10 дугаар сарын 28-нд зохион байгуулагдсан “IT WORLD '26 | INTERNATIONAL FORUM & EXPO” арга хэмжээний үеэр “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсгийг зурж, олон нийтэд зарлалаа.

“Санамж бичиг”-т дараах 5 байгууллага нэгдэв. Үүнд:

  1. Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо (МИТА) ТББ

  2. Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо (МОСА) ТББ

  3. Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо (ХСНХ) ТББ

  4. Монголын мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, шийдэл нийлүүлэгчдийн холбоо (ММТТТШН) ТББ

  5. Мэдээллийн технологийн захирлуудын клуб (CIO) ТББ

Эдгээр холбоо нь мэдээллийн технологийн салбарын өөр өөр чиглэлийн оролцогчдыг төлөөлдөг. Программ хангамж үйлдвэрлэгчид, хэрэглэгчийн систем нийлүүлэгчид, тоног төхөөрөмж ба шийдэл нийлүүлэгчид, технологийн удирдлагууд нь нэг зорилгын дор хамтран ажиллахаар тохиролцсон нь салбарын төлөөллийн хүрээг өргөжүүлж буйгаараа онцлог юм.

НЭГ НЭР БИШ, НЭГДСЭН БАЙР СУУРЬ

“Санамж бичиг”-ийн гол зорилго нь Монголын мэдээллийн технологийн салбарын K62 (компьютерын программчлал, зөвлөх үйлчилгээ болон холбогдох үйл ажиллагаа), K63 (компьютерын дэд бүтэц, өгөгдөл боловсруулалт, хостинг болон бусад мэдээллийн үйлчилгээ) ангиллын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй мэргэжлийн холбоодыг нэгтгэсэн “Мэргэжлийн нэгдсэн холбоо”-г үүсгэн байгуулах явдал юм.

Өөрөөр хэлбэл, холбоод нь тус тусын чиглэл, гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлсөөр байхын зэрэгцээ салбарын нийтлэг асуудлаар нэгдсэн байр суурьтай байхыг зорьж байна.

“Санамж бичиг”-т ил тод, нээлттэй, шударга хамтын ажиллагаа, эрх тэгш оролцоо, хамтын удирдлага, хувийн ашиг сонирхлоос ангид байх зарчмуудыг тусгасан. Энэ нь ирээдүйн нэгдсэн холбоо нь цөөн хэдэн байгууллагын төлөөлөл бус, салбарын олон оролцогчийн санал, оролцоонд тулгуурлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.

“САНАМЖ БИЧИГ”-ЭЭС БОДИТ НЭГДЭЛ РҮҮ

“Санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь “Мэргэжлийн нэгдсэн холбоо”-г албан ёсоор байгуулж, бүртгүүлсэн гэсэн үг биш. Энэ нь холбоог байгуулахад шаардлагатай ажил, үүрэг, хариуцлага, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон анхны баримт бичиг юм.

Талууд нь дараагийн шатанд хамтарсан “Ажлын хэсэг”-ийг байгуулж, холбооны дүрмийн төслийг боловсруулах, хууль зүйн зөвлөхтэй хамтран ажиллах, холбоодын саналыг нэгтгэх, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхээр тохиролцжээ.

Үүний дагуу 5 холбооны төлөөлөл нь хуульчтай анхны уулзалтыг хийж, “Мэргэжлийн нэгдсэн холбоо”-г байгуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт, дүрмийн төсөл, зохион байгуулалт болон бэлтгэл ажлын талаар саналаа солилцлоо. Бэлтгэл ажил нь шат дараатайгаар үргэлжилж байна.

ЦААШИД ХИЙГДЭХ АЖИЛ, ТАВИГДАХ ЗОРИЛТ

Нэгдсэн холбоог байгуулах ажил нь цаашид нухацтай хэлэлцүүлэг, нягт хамтын ажиллагааг шаардах нь ойлгомжтой. Таван холбооны төлөөлж буй өөр өөр чиглэл, гишүүдийнх нь эрх ашиг, салбарын олон талт хэрэгцээг нэгтгэж, бүх талын саналыг тэнцвэртэй тусгасан шийдвэр гаргалтын тогтолцоог бүрдүүлэх нь энэ үйл явцын чухал зорилт юм. Түүнчлэн нэгдсэн холбоо нь салбарын нийтлэг эрх ашгийг төлөөлж, төрийн бодлого, шийдвэр гаргалтад хувийн хэвшлийн оролцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж талууд найдаж байна.

“Санамж бичиг”-ийн дагуу “Ажлын хэсэг” нь холбооны дүрмийн төслийг боловсруулах, хууль зүйн зөвлөхтэй хамтран ажиллах, оролцогч холбоодын саналыг нэгтгэн хэлэлцүүлэх үүрэгтэй. Харин эцсийн шийдвэрийг оролцогч бүх талын зөвшилцөлд үндэслэн гаргах болно.

Монголын IT-ийн салбарын өрсөлдөх чадвар нь компаниудын технологийн чадавхаас гадна салбарын нийтлэг асуудлаар зөвшилцөж, бодлогын түвшинд санал бодлоо нэгтгэн байр сууриа илэрхийлэх, хамтдаа шийдэл, шийдвэрийг гаргах чадвартай нягт холбоотой байх нь чухал юм.

Таван холбоо нь нэг зорилгын дор нэгдсэн нь энэ замын эхлэл юм. Цаашид салбарын нийтлэг эрх ашгийг хамтдаа тодорхойлж, нэгдмэл дуу хоолойтой болохын төлөө хамтран ажиллах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд