Ханги-Мандал боомтын чиглэлд экспортын тээврийн хэрэгслийн тоо 4 дахин өсжээ

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-11-03 06:54:14
Хилийн боомтуудын экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, ачаа тээврийн саатал, хүлээгдлийг бууруулах зорилгоор Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу албан томилолтоор ажиллаж байна.

Ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хилийн боомт, экспортын тээвэр зохицуулалтын бүсэд ажиллаж, ачаа тээврийн урсгалд үүссэн хүндрэл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр холбогдох талуудтай уулзалт, хэлэлцээ хийжээ.

Уулзалт, хэлэлцээний үр дүнд зэсийн экспортын тээвэрлэлт хэвийн болж, өдөрт 14 байсан тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн тоо 134 болж нэмэгдсэн байна.

Мөн Ханги-Мандал боомтын чиглэлд өдөрт 130 байсан экспортын тээврийн хэрэгслийн тоо 530 болж, дөрөв дахин өсжээ. Цаашид уг үзүүлэлтийг өдөрт 700-800 тээврийн хэрэгсэлд хүргэхээр тохиролцсон байна. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд өдөрт 430 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгааг 1200-д хүргэж, экспортын тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр холбогдох талуудтай тохиролцоод байна.

Ажлын хэсэг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-ын Бугат, Баяннуур хотын чиглэлд албан томилолтоо үргэлжлүүлж, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг тогтворжуулах чиглэлээр холбогдох талуудтай ажиллаж байна.

Холбоотой мэдээ