А.Ганбаатар: “Гараашны татвар цуцлуулах” санаачилгыг 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн
Нийгэм
Иргэдиийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл болон Засгийн газраас боловсруулсан төслийг нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
УИХын гишүүн
А.Ганбаатар уг хуулийн төслийг энэ оны 5 дугаар сараас эхлэн боловсруулж, 9
дүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлсэн юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашийн татвар цуцлуулах” санаачилга
гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн тул Засгийн газраас хуулийн
төсөл боловсруулах шийдвэр гаргасан.
Шинэчлэгдсэн
хуулийн төслөөр Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд
өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын
нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.
Манай улсын эрс
тэс уур амьсгалтай нөхцөлд гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ
тул ийнхүү татвараас чөлөөлөх шаардлагатай байгаа юм. Хуулийн төслийг нэгтгэн
УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлсний дараа холбогдох Байнгын хороо болон чуулганы
нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгүүд хийгдэх юм.