ҮСХ: Инфляцын түвшин өмнөх оныхоос өсч 13.4 хувьд хүрлээ
Нийгэм
Монгол Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Инфляцыг бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар тус тус өссөн байна. Үнийн өсөлтөд хүнсний бараа, ундаа, ус (19.8%), зочид буудал, нийтийн хоол, дотуур байр (19.8%), тээвэр (19.3%), боловсролын үйлчилгээ (17.7%), даатгал, санхүүгийн үйлчилгээ (17.1%), согтууруулах ундаа, тамхины (16.5%) үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Харин холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ хамгийн бага буюу 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Түүнчлэн тайлант хугацаанд Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өсөж, гадаад худалдааны тэнцэл 6.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлт юм.
Тодруулбал, экспорт 45.3 хувиар нэмэгдэж 17.9 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнд зэсийн баяжмал (7.6 тэрбум ам.доллар, +67%) болон нүүрсний экспортын (6.8 тэрбум ам.доллар, +50%) өсөлт гол түлхэц болжээ. Харин импорт 16.3 хувиар өсөж 11 тэрбум ам.доллар болсон нь дизелийн түлш (74%) болон автобензиний (25%) импорт нэмэгдсэнтэй холбоотой байна.