УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцож байна

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-06-08 08:04:21

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2026 оны зургаадугаар сарын 03-наас 06-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцож байна.


Чуулга уулзалтын хүрээнд тэрбээр нэгдсэн хуралдаан болон эрчим хүчний асуудлаарх салбар хуралдаанд оролцжээ. Мөн зургаадугаар сарын 04-ний өдөр болсон “Тогтворгүй цаг үеийн худалдаа” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцож, үг хэлсэн байна.


УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлсэн үгэндээ Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Худалдааны түр хэлэлцээр байгуулсныг онцлов. Уг хэлэлцээрийн хүрээнд талууд 370 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр харилцан экспортлох боломж бүрдсэнийг тэмдэглэсэн байна.

Тэрбээр мөн Монгол Улс шинэ авто зам, төмөр зам, уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал, логистикийн төвүүдийг байгуулах замаар дэд бүтцийн интеграцыг бий болгох зорилт тавин ажиллаж буйг дурджээ.

“Тогтворгүй цаг үеийн худалдаа” сэдэвт салбар хуралдаанд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспен, АПЕК-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Эдуардо Педроса, Шанхайн стратеги, олон улсын судалгааны төвийн дэд дарга Нельсон Вонг нар илтгэгчээр оролцсон байна.

Оролцогчид ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын эдийн засгийн гадаад бодлого, дэлхийн зах зээлийн хуваагдал, протекционизм, логистикийн маршрутын өөрчлөлтөд дасан зохицох арга замын талаар хэлэлцэж, санал солилцжээ.

Түүнчлэн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, Евразийн эдийн засгийн комиссын худалдааны асуудал эрхэлсэн сайд А.А.Слепнев, Ленинград мужийн захирагч А.Ю.Дрозденко, Санкт-Петербург хотын дарга А.Д.Беглов нартай уулзсан байна.

Мөн Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов, Газпромбанкны ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоус нартай уулзаж, хамтын ажиллагааны холбогдох асуудлаар санал солилцжээ.

Холбоотой мэдээ