COP17-ын эхний долоо хоногийн тойм мэдээлэл

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-08-25 03:38:07

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ын  дарга Б.Батцэцэг "Нэгдсэн хороо буюу Committee of the Whole-ийн хүрээнд төсөв гол асуудлын нэг хэвээр байна. Манай улс Бразил, Европын Холбоо, Африкийн бүлэг, Саудын Арабын хамт Конвенцын төсвийг нэмэгдүүлэхийг дэмжиж байна. Харин АНУ, Япон, Канад, Их Британи нэрлэсэн дүнгээр өсөлтгүй төсөв баримтлах байр суурьтай байна. Гэхдээ ногдуулсан шимтгэлийг нэмэгдүүлэхгүйгээр санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр олж чадвал зарим нь төсвийг өсгөхийг зөвшөөрч болзошгүй.


Ган гачигийн асуудлаар талууд олон улсын шинэ эрх зүйн баримт бичиг хэлэлцэн байгуулах уу, Конвенцын хүрээнд тусгай механизм бий болгох уу, эсвэл үндэсний түвшний арга хэмжээнд голлон тулгуурлах уу гэдэг дээр санал зөрөлдөж байна. Африкийн бүлэг протокол байгуулахыг тууштай дэмжиж, ган гачигийн асуудлыг улс төрийн өндөр түвшинд гаргахын зэрэгцээ санхүүжилтийг нэмэгдүүлэхийг хүсэж буй. Европын Холбоо, Саудын Араб, Бразил, Чили бас бодитой үр дүнд хүрэх сонирхолтой байна.


Бэлчээр, малчдын асуудал Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой. Бэлчээрийн тодорхой хэсгийг хамгаалалтад авах тухай заалтыг хэвээр үлдээхийг манай улс дэмжсэн. Мөн Европын Холбоотой хамтран GEF–UNCCD–Mongolia Legacy төслийн хүрээнд өмнө нь нэгэнт эх үүсвэрийг ашиглан нэг улс тэргүүлсэн Бэлчээрийн орнуудын эвсэл байгуулахыг дэмжиж байна. Африкийн бүлэг байр сууриа илэрхийлэхийн өмнө төслийн талаар нэмэлт мэдээлэл хүссэн.


Элс, шороон шуурганы асуудлаар хил дамнасан үр дагавар, урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоо, хяналт, шинжилгээ, урьдчилан таамаглах чадавх, мөн үүнд өртсөн орнуудад үзүүлэх санхүү, техникийн дэмжлэгт голлон анхаарч байна. Элс, шороон шуурганы байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй шалтгааныг аль алиныг нь шийдвэрт тусгах эсэх талаар санал зөрөлдөөнтэй хэвээр байна.


Шилжилт хөдөлгөөний асуудлаар малчид сайн дураараа нүүдэл суудал хийх нь тэдний тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулдаг гэсэн заалтыг Монгол Улс дэмжсэн. Малчидтай холбоотой бусад заалтыг ч дэмжив. 


Газрын эзэмшил, ашиглалтын асуудлаар Монгол Улс хуульд заасан, уламжлалт болон нийтийн эзэмшил, ашиглалтын хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ үндэсний бүрэн эрх, дотоодын хууль тогтоомжийг хүндэтгэх байр суурь баримталж байна. Малчдын бэлчээр ашиглалт нь хамтын, улирлын, мөн харилцан тохиролцсон зохицуулалтад тулгуурладаг учраас энэ асуудал манай улсын хувьд чухал юм.


Хувийн хэвшлийн оролцооны тухайд нэг хэсэг нь хувийн санхүүжилтийг илүү эрчимтэй татахыг зорьж байгаа бол нөгөө хэсэг нь үндэсний бүрэн эрхт байдал, хамгаалалтын механизм, сайн дурын зарчмыг онцолж байна. Монгол Улс холимог санхүүжилтийг дэмжихийн зэрэгцээ газар ашиглах уламжлалт эрх, малчдын ашиг сонирхолыг заавал хамгаалах байр суурь баримтлах болно.


Шинжлэх ухаан, технологийн хороо буюу Committee on Science and Technology-д технологи дамжуулах нөхцөл, хиймэл оюун, бусад конвенцтой хамтран зохицох асуудал болон шинжлэх ухаан, бодлогын интерфейсийн цаашдын үйл ажиллагааны талаар ихэнхдээ санал зөрөлдөж байна.


Бразил болон Африкийн бүлэг технологийг таатай, хөнгөлөлттэй, давуу нөхцлөөр дамжуулах ёстой гэж үзэж байна. Харин АНУ технологийг сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцсон нөхцөлд дамжуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн орон нутгийн онцлогт нийцсэн, олон нийтэд түшиглэсэн инноваци гэсэн утгатай “нийгмийн технологи” гэсэн ойлголтын талаарх хэлэлцүүлэг үргэлжилж байна. 


Риогийн конвенцууд, Парисын хэлэлцээр, Биологийн олон янз байдлын тохиролцоо, Сэндайн ерөнхий хэлэлцээг нэр заан дурдах эсэх дээр мөн зарчмын зөрүүтэй байна. Европын Холбоо болон бусад олон орон эдгээрийг хэвээр үлдээхийг дэмжиж байгаа бол АНУ, ОХУ хоёр олон талт байгууллагууд гэсэн ерөнхий томьёоллыг илүүд үзэж байна.


Шинжлэх ухаан, бодлогын интерфейсийн цаашдын үйл ажиллагаатай холбоотой хэлэлцээ техникийн хувьд төвөгтэй байна. Шинжлэх ухааны тайлангуудыг хэрхэн боловсруулах, батлах, хураангуйг мөр бүрээр нь хэлэлцэх эсэх, мөн Техникийн дэмжлэгийн тусгай нэгж байгуулах шаардлагатай эсэхийг талууд хэлэлцэж байна. Зардал, ил тод байдал, ажиглагчдын оролцооны асуудал ч шийдэгдээгүй хэвээр байна.


Конвенцын хэрэгжилтийг хянан дүгнэх хорооны хүрээнд тайлан мэдээ болон чадавх бэхжүүлэх асуудлаар тодорхой ахиц гарсан боловч бичвэрүүдийн үг хэллэгийг бүрэн тохиролцож амжаагүй байна. Дэлхийн механизмын тухай хэлэлцээ дөнгөж эхэлсэн. Харин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын уг хорооны 25-р хуралдааны ажлын хөтөлбөрийг хараахан хэлэлцэж эхлээгүй байна.


Ерөнхийд нь дүгнэвэл хэд хэдэн нийтлэг хандлага харагдаж байна. 

- АНУ бичвэрийг товч, хязгаарлагдмал байлгахыг зорьж, Тогтвортой хөгжлийн зорилгууд, жендэр, иргэний нийгэм болон байгаль орчны бусад конвенцын талаарх заалтуудыг эсэргүүцэх хандлагатай байна. 

- Бразил хөгжиж буй орнуудын байр суурийг идэвхтэй хамгаалж, хөгжингүй орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй санхүүжилт үзүүлэх үүрэг амлалтыг тодорхой болгохыг шаардаж байна. 

- Европын Холбоо үр ашиг, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслийг чухалчилж байгаа бол Өмнөд Африк талуудын байр суурийг ойртуулах үүрэг гүйцэтгэж байна.


Монгол Улсын хувьд энэ долоо хоногт хэд хэдэн асуудалд онцгой анхаарах шаардлагатай.


Нэгдүгээрт, бэлчээр, малчид, нүүдлийн аж ахуйн талаарх томоохон заалтуудыг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй байна. 


Хоёрдугаарт, уламжлалт болон нийтийн эзэмшил, газар ашиглалтын зохицуулалтыг хамгаалах нь чухал байна. 


Гуравдугаарт, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээг хүлээн зөвшөөрөх тухай Парагвайн саналыг дэмжих боломжтой. 


Дөрөвдүгээрт, чадавхи бэхжүүлэх талаар ОХУ-ын санал болгосон бэлчээрийн менежмент, зайнаас тандан судлах технологийн тухай заалт нь бэлчээрийг хамгаалахад чухал хэрэгтэй гэж үзэж байна.


Санхүүжилтийн хэлбэрийн тухайд Монгол Улсын байр суурь холимог санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн Европын Холбооны байр суурьтай илүү ойр байна. Харин санхүүжилтийн хүртээмж, журмыг хялбарчлах, гүйлгээний зардлыг бууруулах, төсөл боловсруулах бэлтгэлд дэмжлэг үзүүлэх асуудлаар манайх Бразилын байр суурьтай ойр байна.


Монгол Улс ган гачиг, бэлчээр, малчид, газар эзэмшилт ашиглалт, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон санхүүжилтийн хүртээмжтэй холбоотой яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож байна" гэв.

Холбоотой мэдээ