COP17: Малчид, тариаланчдын оролцоо, газрын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-08-19 04:35:12


COP17-д Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдаас гадна малчид, жижиг тариалан эрхлэгчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл оролцож буйг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцоос онцолжээ.


Ингэснээр газар нутагтайгаа өдөр тутам шууд харилцаж амьдардаг иргэдийн мэдлэг, туршлага, санал бодлыг бодлого, шийдвэрийн түвшинд хүргэх боломж бүрдэнэ.

Өнөөдрийн албан ёсны хэлэлцүүлгийн хүрээнд Конвенцын хэрэгжилтэд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизм, хувийн хэвшлийн оролцоог авч хэлэлцэнэ. Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 15 дугаар зорилгын хүрээнд газрын доройтлыг зогсоох, нөхөн сэргээхэд чиглэсэн 15.3 дугаар зорилтын хэрэгжилт хэлэлцүүлгийн нэг гол сэдэв болжээ.

Үдээс хойших хэлэлцүүлгээр газрын доройтолтой холбоотой шилжилт хөдөлгөөн, газрын эрх, хувийн хэвшил болон бизнесийн байгууллагуудын оролцооны асуудлыг хөндөнө.

Эдгээр сэдэв нь малчид, тариалан эрхлэгчдийн амьжиргаатай шууд холбоотой. Газрын эрх, бэлчээр болон тариалангийн газрын тогтвортой ашиглалт, санхүүжилтийн хүртээмж, ган, газрын доройтолд дасан зохицох боломж нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний хангамж, орон нутгийн тогтвортой хөгжилд чухал нөлөөтэй юм.

COP17 нь НҮБ-аас зарласан Бэлчээр ба малчдын олон улсын жил-2026-тай давхцаж буйгаараа онцлог. Энэ хүрээнд бэлчээрийг тогтвортой ашиглах, доройтсон газрыг нөхөн сэргээх, малчдын амьжиргааг хамгаалах асуудлыг олон улсын бодлого, санхүүжилттэй уялдуулах боломж бүрдэж байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын мэдээллээр дэлхийн бэлчээрийн экосистем 500 сая орчим хүний амьжиргааг шууд дэмждэг аж.

“Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор үргэлжилж буй COP17-ын хэлэлцүүлгүүдээр газрын доройтлыг бууруулах зорилтыг бодит санхүүжилт, хэрэгжихүйц шийдэлтэй уялдуулахад онцгой анхаарч байна.

Холбоотой мэдээ