Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-08-10 05:43:16

Өнөөдөр (2026.08.10) байдлаар Хангай нурууны араас усжих Идэр (Галт сум Зүрх баг), Чулуут, Гичгэнэ, өврийн Байдраг, Буянт (Отгон сум), Завхан (Гуулин сум), Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул (Лүн сум), Хараа (Баянгол сум Баруунхараа баг) зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 15-45 см нэмэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар Хараа (Дархан), Онон (Дадал сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хархираа (Тариалан сум) голууд үерийн түвшинг 5-25 см, Туул (Лүн сум) гол үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна. 

Иймд иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Мөн 

үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх, тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих, хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх, үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзахыг зөвлөлөө. 

Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна. 

Эх сурвалж: ОБЕГ 

Холбоотой мэдээ