Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг энэ онд ашиглалтад оруулна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-08-10 01:55:17

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотын стратегийн өндөр ач холбогдолтой төсөл бөгөөд энэ онд багтаан дуусгаж, ашиглалтад оруулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Үүний хүрээнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай өнөөдөр /2026.08.09/ Багахангай - Хөшигийн хөндий - Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн Эмээлт, Шувуун фабрик орчмын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Ажлын эхэнд төмөр замын трасст өртсөн 10кВ, 35кВ-ын шугам шилжүүлэх явцыг гүйцэтгэгч компани болох “Нийслэл түгээх сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямбаяр танилцуулав. 10кВ-ын шугам шилжүүлэх ажлын гүйцэтгэл 96 хувьд хүрч, нийт шилжүүлэх 36 цэгийн 25 зөрлөгөөс 24 зөрлөгийг одоогоор бүрэн чөлөөлж дууссан. Үлдсэн ганц зөрлөгийг ирэх даваа гараг гэхэд чөлөөлж дуусна хэмээн мэдэгдлээ.

35кВ-ын шугам шилжүүлэх ажлын хувьд 75 хувьтай явж байна. Харин ойрын өдрүүдэд орсон борооны улмаас Туул гол үерлэж, тулгуур босгох талбай усанд автсан тул шинээр зураг төсөл боловсруулж, ирэх 7 хоног гэхэд бүрэн дуусгана. Мөн энэхүү ажлыг гүйцэтгэж байх явцад төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажилд саад учрах зүйл байхгүйг гүйцэтгэгч компанийхан мэдэгдлээ.

Үүний дараа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын хийсэн 220кВ, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгууруудтай огтлолцох, хэсгийн дамжуулагч утаснуудыг хүчитгэх, тулгууруудыг зөөж, шилжүүлэх ажлын зураг төсөвтэй дэлгэрэнгүй танилцав.

Юуны өмнө “Сонгино” дэд станцаас салаалсан 220кВ-ын гурван шугамыг танилцуулав.

  1. Эрдэнэт руу явсан шугамын төмөр замтай огтлолцсон 3 тулгуурыг буулгаж, 5 тулгуур босгоно,
  2. Мандалговь руу явсан шугамын 2 тулгуур буулгаж, 3 тулгуур босгоно,
  3. Сэргэлэн рүү явсан шугамын 5 тулгуур буулгаж, 8 тулгуур босгохоор төлөвлөжээ.

110кВ-ын мөн гурван шугамын:

  1. Эхний шугамын 8 тулгуурыг буулгаж, 9 тулгуур босгоно
  2. Хоёр дахь шугамын 10 тулгуур буулгаж, 12 тулгуур босгоно
  3. Гурав дахь шугамын 17 тулгуур буулгаж, 19 тулгуурыг шинээр босгохоор төлөвлөжээ.

Дээрх ажлын нийт төсөв нь 12.5 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулах ажлыг маргаашнаас буюу 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эрчимжүүлж эхэлнэ хэмээн Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай онцоллоо. Тэрбээр “Шугам шугамаар нь багц ажил болгон тус бүрт нь гүйцэтгэгч компани сонгон шалгаруулах хэрэгтэй. Тэгэж байж энэхүү ажил хурдан хугацаанд хийгдэх боломжтой. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа учир цаг хугацаа хэмнэх үүднээс цахилгаан дамжуулах тулгууруудын суурийг цутгах ажлыг урьдчилаад захиалах хэрэгтэй байна. Зураг төсөв батлагдаад, магадлалаар орсон тул өөрчлөгдөхгүй. Бидэнд зураг, төсөв болон тоо хэмжээ бэлэн байгаа тул цаг алдалгүй захиалгаа өгөх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Тэгээд гүйцэтгэгч компани сонгон шалгарсан тохиолдолд тоо ёсоор нь худалдан авна” хэмээн холбогдох албаныханд үүрэг болгов.

Мөн Эрчим хүчний яам болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ эрхзүйн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллах юм.  

Төгсгөлд нь төмөр замын гүүр, далангийн ажилтай танилцав. Туул гол дээгүүр өнгөрөх 476 метр урт гүүрийг барих ажлыг “Очирням” ХХК тэргүүтэй таван компани гүйцэтгэж байгаа бөгөөд борооны ус ихээр хуримтлагдаж, голын усны түвшин нэмэгдсэнээр ажил бага зэрэг удааширч байгааг “Очирням” ХХК-ийн удирдлагууд дуулгалаа. Гэсэн хэдий ч инженер, техникийн ажилтнууд усны нөхцөлд тохируулан 24 цагаар ажиллаж байгаа аж. Төрийн нарийн бичгийн даргын зүгээс бороо, хур зэрэг байгалийн давагдашгүй нөхцөл байдал тулгарч буйг ойлгон, стратегийн онцгой бүтээн байгуулалт тул шахуу ажиллан цаг хугацаандаа дуусган, хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ