А.Батпүрэв: Айл өрхийн өр зээл 36 их наядад хүрч, эхний хагас жилийн алдагдал цар тахлын үеэс давлаа
Нийгэм
Монгол Улсын айл өрхүүдийн санхүүгийн чадамж туйлдаж, зээлээс зээлийн хооронд өдрөөс өдөрт хүндэрч байгааг УИХ дахь АН-ын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв анхаарууллаа. Түүний танилцуулсан эдийн засгийн нөхцөл байдлын үзүүлэлтээр иргэдийн өр зээлийн хэмжээ түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрээд байна.
Өрхийн зээлийн 60 гаруй хувийг хэрэглээний зээл эзэлж байна
Өнөөдрийн байдлаар айл өрхүүдийн нийт зээлийн үлдэгдэл 36 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг хүн ам болон өрхийн тоонд харьцуулан үзвэл:
- Нэг айл дунджаар: 36 сая төгрөг
- Нэг иргэн дунджаар: 10 сая төгрөгийн хэрэглээний зардал, өр зээлтэй байна.
Нийт зээлийн 60 гаруй хувийг зөвхөн хэрэглээний зээл эзэлж байгаа нь иргэд өдөр тутмын үндсэн хэрэгцээгээ өөрсдийн бодит орлогоор хангаж чадахгүйд хүрч, зээлээр амьжиргаагаа залгуулж буйг илтгэх аюултай үзүүлэлт гэдгийг зөвлөх А.Батпүрэв тодотгов.
Төсвийн зарлага ба өрхийн өр 5 дахин өсжээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага болон айл өрхийн өр зээл яг ижил хэмжээгээр буюу 5 дахин нэмэгдсэн байна. Улсын төсөв үлэмж хэмжээгээр тэлж байгаа ч энэ нь иргэдийн амьдралд наалдацгүй, харин ч инфляцыг хөөрөгдөн, өрхийн санхүүг улам бүр дордуулах суурь шалтгаан болжээ.
Эхний хагас жилийн алдагдал цар тахлын үеэс ч өндөр байна
Эдийн засгийн гол эрсдэлүүдийн нэг нь энэ оны эхний хагас жилд үүссэн 2.8 их наяд төгрөгийн алдагдал юм. Энэхүү алдагдлын хэмжээ нь улс орны эдийн засаг бүхэлдээ шахуу зогсож, онцгой нөхцөл байдал зарлаад байсан КОВИД-19 цар тахлын үеийнхээс ч өндөр үзүүлэлт болоод байна. Экспортын орлого сайн байгаа хэдий ч төсвийн хэт тэлэлт, үрэлгэн байдал нь ийнхүү эдийн засгийг эрсдэлд оруулж байгааг мэргэжилтнүүд сануулж байна.