Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Нийгэм
Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.
Өмнөх хичээлийн жилийн бүтэц 3 улиралтай, нэгдүгээр улирал хэт урт /16 долоо хоног үргэлжилж байсан/ -ийг та бүхэн сайн мэдэж байгаа. Хичээлийн жилийг дөрвөн улиралтай болгох саналыг маш олон эцэг эх, асран хамгаалагч, багш, суралцагчид гаргаж байсан. Иймд хичээлийн жилийг 4 улиралтай болгож байна.
1. Өвлийн амралт хэт удаан, 6 долоо хоног хүртэл үргэлжилж байсан нь ханиад томуугийн үед хүүхдүүд урт хугацаагаар гэртээ байх сайн талтай ч, нөгөө талаар бага насны хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй үлдэх, үүнээс үүдэлтэй эрсдэлд өртөх, эцэг, эх нь ээлжлэн хүүхдээ харах болж гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь, орлогод нөлөөлөх, хүүхэд мэдсэн сурснаа мартах, үүнээс үүдэлтэй дараагийн улиралд сэргээн давтахад цаг зарцуулах зэрэг шаардлага үүсэж байсан.
2. Шинэ бүтцийн дагуу нийслэлийн суралцагчид өвөл 12 сарын 3 дахь долоо хоногт бие даалтад шилжиж, үргэлжүүлээд 3 долоо хоног амарна. Үүнд ханиад томуугийн тархалтын давтамж, хүйтрэлтийн оргил үе, дээр дурдсан бусад нөхцөлүүдийг харгалзсан болно.
3. Цагаан сарын долоо хоногт хот, хөдөөгийн сурагчид бие даалтын үйл ажиллагаагаар дамжуулан уламжлалт ёс заншил, өв уламжлалаа судлах боломжтой. Ер нь аль ч бие даалтын үйл ажиллагааг суралцагчдад хэт ачаалал өгөхгүй зохион байгуулахаар тушаалын хавсралтад зааж өгсөн.
4. Хичээлийн жилд хоёр удаагийн бие даалтын долоо хоног байх бөгөөд нэг бие даалт нь хот хөдөөгийн хувьд ялгаагүй цагаан сарын баяртай уялдаж байгаа бол хоёр дахь бие даалт нь хотод өвлийн амралтын өмнө, орон нутагт мал төллөх хугацаатай уялдан хаврын амралтын өмнө байна.
5. Бага ангийн сурагчдын зуны амралт 5 дугаар сар дуусмагц, дунд, ахлах ангийн сурагчдын зуны амралт 6 дугаар сарын 2 дахь долоо хоногоос тус тус эхэлнэ. Зуны амралт наашилснаар багш нарын ээлжийн амралт зундаа багтахгүй байх асуудал байхгүй болно. Өөрөөр хэлбэл 8 дугаар сарын дундаас эхлэн багш нар ажилдаа орж, хичээлийн жилийн бэлтгэлээ чанартай хийх боломжтой болох юм.