“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-07-08 11:00:59

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор байршлын онцлогт тохирсон бага сургуулийн хэлбэрүүдийг нэвтрүүлнэ. Тухайлбал, нийслэлийн дүүрэг, аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”, алслагдсан болон хил орчмын бүсэд “Багийн бага сургууль”-ийг шаардлагатай байршилд тус тус зохион байгуулж, 2026-2027 оны хичээлийн жилээс үйл ажиллагааг нь эхлүүлнэ. “Хотхоны бага сургууль”-д нэг, хоёрдугаар ангийн бүлэг хичээллэхээр зохион байгуулна. 

Урьдчилсан байдлаар нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулж, 10.0 мянган хүүхдийг хамруулна. Цэцэрлэг болон хувийн хэвшлийн сургуулийн сул 376 танхимыг ашиглаж, 11.0 мянган хүүхдийн сурах орчин сайжирч, бүлэг дүүргэлтийн тоог бууруулахаар төлөвлөжээ. 

Хичээлийн байрны барилга байгууламжийн стандарт хүчин чадлаас хэтэрсан ачаалалтай ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх, бие даасан ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжуулэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тогтоолоор үүрэг болголоо. 

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах товлол, давтамж болон заавар, удирдамжийг баталж, мөрдүүлэх, суралцагчдыг товлол, давтамжийн дагуу үзлэгт бүрэн хамруулах, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ, үзлэгийн үр дүнд үндэслэн дараагийн шатлалд шилжүүлэх, онош тодруулах, өвчин эмгэг илэрсэн тохиолдолд хяналтад авах, эрүүлжүүлэх цогц арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хамтран зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох хууль тогтоомж, батлагдсан удирдамжийн дагуу харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд чанартай, хүртээмжтэй зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүллээ.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэгийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудынхаа хүүхдийг эрт илрүүлэгт хамруулах товлосон хугацаанд нь ажлын байрны уян хатан зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

           Ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд нэгдүгээр ангийн (6 настай) нийт 69,127 суралцагчийг нүд, шүд, зүрхний үзлэгт хамруулсан.  

Зүрхний үзлэгт: 55,482 суралцагч хамрагдсанаас дараагийн шатлалын оношилгоо, эмчилгээнд 5,225; 
Нүдний үзлэгт: 50,160 суралцагч хамрагдсанаас дараагийн шатлалд 1,037; 
Шүдний үзлэгт: 59,308 суралцагч хамрагдсанаас 48,025 тохиолдлыг илрүүлж, улмаар дараагийн шатлалд 24,474 суралцагчийг шилжүүлэн эмчлүүлжээ. 
“Эдгээр үзүүлэлт нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг ерөнхий боловсролын сургуульд суурилан зохион байгуулах нь үр дүнтэй гэдгийг нотолж байна” гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан ярилаа.


Холбоотой мэдээ