Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-07-01 05:21:03


Хүүхдийн хорт хавдрыг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2026 оны 06 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд “Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.


Тус сургалтад аймаг, нийслэлийн дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн эмч нар оролцож, хүүхдийн хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага, илгээх тогтолцоо, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцав.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2018 онд улс орнуудын Засгийн газартай хамтран хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх зорилго бүхий “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн санаачилга”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү санаачилгын хүрээнд 2030 он гэхэд хүүхдийн хорт хавдрын тавиланг сайжруулж, амьдрах чадварыг 60 хувиас дээш түвшинд хүргэх зорилт дэвшүүлсэн бөгөөд ингэснээр дэлхий дахинд нэг сая орчим хүүхдийн амь насыг аврах боломжтой гэж үзэж байна.

Монгол Улс 2021 онд энэхүү санаачилгад нэгдэн, хүүхдийн хорт хавдартай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Монгол Улсад хийсэн судалгаагаар 18 хүртэлх насны 705 хүүхдийн дунд оношлогдсон хорт хавдрын 37.4 хувийг лимфойд лейкеми, 16.7 хувийг миелоид лейкеми эзэлж байна. Нэг жилийн амьдрах чадвар 65 хувь, таван жилийн амьдрах чадвар 42.3 хувь байгаа нь өвчнийг эрт илрүүлэх, чанартай оношилгоо, эмчилгээний ач холбогдлыг харуулж байна. Харин нүдний хавдрын таван жилийн амьдрах чадвар 87.2 хувь, өндгөвчний хавдарт 76.5 хувь, Ходжкины лимфомд 66.7 хувь байгаа бол тархины хавдарт 15 хувь, миелоид лейкемийн үед 26.8 хувь байгаа нь хавдрын төрөл, эрт оношилгоо, эмчилгээний хүртээмжээс шалтгаалан үр дүн ялгаатай байгааг харуулж байна.

Энэхүү сургалт нь хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. 

Холбоотой мэдээ