Хотын дарга Б.Пүрэвдагва: Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийгэм
Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн хойд талд газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллалаа. Энэ хэсэгт барилгажилт ихтэй, шигүү тул барилгын зориулалтаар олгосон байсан 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцаллаа. Тус газрыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгоно.

Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва “Энэ газар олон жилийн өмнө нийтийн эзэмшлийн талбай байсан. Гэтэл сүүлийн 10 гаруй жил хашсан байдалтай байна. Иймээс автомашинд бус хүнд зориулсан хот байгуулах бодлогын хүрээнд нийтийн эдэлбэр газарт авч байна. Бид энэ талбайд иргэд чөлөөт цагаа тав тухтай өнгөрөөхөд зориулан ногоон байгууламж байгуулж, тохижилтын ажлууд хийнэ. Тохижилтын ажлыг эхлүүлэн, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна. Бид нягтаршил ихтэй газар орон сууцны хороолол барихгүй гэсэн бодлого барин ажиллаж байна” гэлээ.



