Завьт болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх алба хаагчдад үүрэг чиглэл өглөө

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-06-15 06:28:51


Нийслэлийн хэмжээнд болзошгүй гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/853 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ыг дуустал Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлээр алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ.


Тус газрын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр завьт болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчдад бэлтгэл бэлэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх чиглэлээр анхаарах зарим асуудлын хүрээнд нэгдсэн ойлголт мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өглөө.

Өнгөрсөн 2025 онд завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гол усны ослын 39 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гол осолдож болзошгүй 36 хүний амь насыг авран хамгаалж ажилласан. Мөн голын эрэг дагуу амарч зугаалж байсан 11120 том хүн, 5231 хүүхэд, нийт 16351 иргэнд сэрэмжлүүлэг яриа хийж, 6457 ширхэг санамж хуудас тараан, 1054 тээврийн хэрэгслийг голын салаа болон үерийн хаялага, ногоон бүсээс 25-50 метрийн зайд байрлуулан аюулгүй байдлыг хангасан.

Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх зорилгоор завьт эргүүл 16 дах жилдээ үүрэг гүйцэтгэж байна

Холбоотой мэдээ