ГССҮТ-ийн алсын дуудлагын баг хөвсгөл аймагт осолд өртсөн иргэнд яаралтай тусламж үзүүлжээ
Нийгэм
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс нийслэл төдийгүй орон нутагт үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, лавлагаа шатлалын төвийн ачаалал, төвлөрлийг сааруулах үүднээс эмч мэргэжилтнүүдийг тогтмол сургаж чадавхижуулах, алслагдсан аймгийн иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор олон талт ажлыг зохион байгуулан ажиллаж буй билээ.
Энэхүү зорилгын хүрээнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Жавзандулам, жолооч Б.Пүрэвбаатар нарын алсын дуудлагын баг энэ сарын эхээр Хөвсгөл аймагт ажиллаж, орон нутгийн эмч нартай хамтран цээжний хөндийн хүнд гэмтэлтэй иргэнд яаралтай мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тус баг бүрэлдэхүүнд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмч С.Мөнхдэмбэрэл, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн Цээж хэвлийн мэс заслын эмч Ц.Болдбаатар, мэдээгүйжүүлэгийн эмч П.Түмэнжаргал, Н.Пүрэвсүрэн болон сувилагч Э.Мөнхзул нар багтжээ.