Цахилгаан дулааны үнэ энэ сарын 5-аас таван хувиар нэмэгджээ
Нийгэм
Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах зорилгоор дулаан, цахилгааны суурь үнийг үе шаттай нэмэх асуудлыг сүүлийн жилүүдэд яригдсаар байгаа. Тэгвэл эхний ээлжид суурь үнийг 5 хувиар нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тухайгаа мэдээлсэн юм. Энэ шийдвэр нь зургаадугаар сарын 5-аас хэрэгжиж эхэлжээ. Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээллээр дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ болон бодит өртгийн хооронд 80 хувийн зөрүү үүсдэг. Тухайлбал, дулааны тариф 1 Гкал тутамд 33,862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62,960 төгрөг байна. Уг зөрүүг улсын төсвөөс болон салбарын байгууллагууд өөрсдөө алдагдал хүлээх байдлаар нөхөж иржээ. Манайд өртгийг даруй 80 хувиар нэмэх шаардлага бий. Цаашид иргэдийн амьдралд дарамт нэмэхгүйгээр үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж албаныхан мэдээллээ.