АН-ын Хяналтын ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцов
Нийгэм
Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн тавдугаар сарын 29-нд хуралдаж Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцсон юм.

Ардчилсан намын дотоод сонгууль 2026 оны гуравдугаар сарын 21-ний өдөр улс орон даяар болж өнгөрсөн. Тус сонгууль Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдах үеэр намын дүрмийн олон зүйл заалтыг зөрчиж шударга бус болсонтой холбогдуулан Сүхбаатарын дүүргийн Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороонд дараах үндэслэлээр гомдол гаргасан юм. AN.mn сайтад иргэдийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр намд гишүүнээр элсүүлсэн, төрийн албан хаагчдыг намын гишүүнээр бүртгэн санал өгүүлсэн, зохион байгуулалттайгаар нэг данснаас олон гишүүний татвар төлсөн, хаягийн бүртгэлгүй, харьяалалгүй нийт 3000 гаруй иргэдийг дотоод сонгуулийн санал хураалтад оролцуулсан гэх мэт бусад ноцтой зөрчлүүдийн холбогдох баримт нотолгоог дотоод сонгуулийн үеэр Хяналтын дэд зөвлөлд, мөн Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороонд хүргүүлжээ.
Энэхүү гомдлыг Ардчилсан намын Хяналтын ерөнхий Хорооны дунд суудлын хуралдаанаар хянан үзэж, Ардчилсан намын Үндсэн дүрмийн Аравдугаар бүлгийн 83.1, 84.1, 84.1.9, 89.1, 89.2.1, 89.2.3, 94.1, 94.4, 94.5, 94.6.1, 94.7 дахь заалт, Арван наймдугаар бүлгийн 140.1, 140.2 дахь заалт, Хяналтын ерөнхий Хорооны Сонгуулийн Хяналтын Дэд хорооны илтгэгч гишүүн С.Од-Эрдэнийн илтгэх хуудас, Сонгуулийн Хяналтын Дэд Хорооны 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, Хяналтын ерөнхий хорооны Дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг гаргаад байсан юм.
Ингэхдээ Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намын дотоод сонгуулийг дүрэм журамд нийцүүлэн зохион байгуулахыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтод даалгасан юм. Энэ асуудалтай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын гишүүн Б.Баатарзориг, С.Эрдэнэцэцэг тэргүүтэй гишүүд өчигдөр /2026.06.04/ Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогттой уулзаж, дахин сонгуулийн талаар ярилцлаа.
Сүхбаатар дүүрэг бол Ардчилсан намын түшиц дүүрэг бөгөөд орон нутгийн 2012, 2016, 2020, 2024 оны дөрвөн удаагийн сонгуульд ялалт байгуулсан цэнхэр дүүрэг юм.
Дашрамд дурдахад Ардчилсан намын XVIII Их хурлаар намын дотоод үйл ажиллагаанд хяналт тавих, сахилга хариуцлагыг мөрдүүлэх, дүрмийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэгтэй Хяналтын ерөнхий хороог байгуулсан юм. Тус хороо нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй.
