Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил сэдэвт чуулган боллоо

Нийгэм
munkhtuya1104@gmail.com
2022-01-12 10:57:34

УИХ-ын тамгын газар, Хэвлэлийн хүрээлэн хамтран Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил  сэдэвт чуулганыг өнөөдөр зохион явууллаа.

30 жилийн өмнө Үндсэн хуулиар баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь ардчилсан сэтгүүл зүйн хөгжилд хэрхэн нөлөөлснийг хэлэлцэж, хэвлэл мэдээллийн салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар санал бодлоо солилцлоо. Хурлын эхэнд УИХ-ын дарга цахим хэлбэрээр оролцон мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөж, нийгмийн харилцаа хөгжихийн хирээр хууль тогтоомжоо ч өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хэвлэлийн эрх чөлөө, бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байгаа. Цаашлаад энэ асуудал хэлэлцүүлэг, мэтгэлцээний түвшинд өрнөж, УИХ-ын зүгээс ч тусгайлан анхаарал хандуулж байгааг онцолсон юм.


 

Чуулганд хууль тогтоогчид, иргэний нийгмийн идэвхтнүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын 60 гаруй төлөөлөл оролцлоо. Тэд хэвлэн нийтлэх эрх чөлөө ба  тулгамдсан асуудлаар зөвлөлдөж, санал шүүмж өрнүүллээ.

Үндсэн хуулийн хүрээнд хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэрхэн хамгаалдаг тухай болон эрх чөлөөний хязгаарлалт нь иргэдийн мэдэх эрхэнд хэрхэн нөлөөлж байгааг  чуулганд оролцсон төлөөлөл хөндөж байлаа.

Өдөр ирэх тутам техник технологийн хөгжлөө даган эрчимтэй цахимжиж буй энэ үед хэвлэн нийтлэх эрх чөлөө нь сэтгүүл зүйн аргаараа улам бүр мэргэжлийн байх, эрх зүйн хүрээнд нарийвчлан зохицуулах шаардлага зүй ёсоор тавигдаж буйд чуулганд оролцсон төлөөлөл байр сууриа нэгтгэлээ.

Холбоотой мэдээ