“Үндсэн хууль-30 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

Улс Төр
munkhtuya1104@gmail.com
2022-01-12 10:48:22

Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Үндсэн хууль-30 жил” эрдэм шинжилгээний  хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Монголын Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд баталж байсан бол түүнээс хойш 1992 онд 4 дэх Үндсэн хууль буюу ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, хэрэгжүүлсээр 30 өдгөө жил болж байгаа билээ.


Эрдэм шинжилгээний хуралд Үндсэн хууль тогтоогч, судлаач, хууль зүйн  болон бусад салбарын эрдэмтэн судлаач зэрэг нийт 100 гаруй хүн биеэр болон цахимаар оролцсон юм.


Хурлын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар мэндчилгээ дэвшүүлж, оролцогчдод амжилт хүссэн.

Тэрээр, Монголчууд хоёр мянганы тэртээ хууль, цаазын сэтгэлгээний түүхтэй ард түмэн гэдгийг тодотгоод, бичмэл үндсэн хуультай болсноор 100 шахам жил, ардчилсан Үндсэн хуулиа баталж мөрдсөнөөр 30 дахь жилтэйгээ золгож буйг тэмдэглэсэн. Мөн 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль төрийн тогтолцооны иж бүрэн шинэчлэлийг хийж, хүний эрхийг дээдэлсэн, өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах тогтолцооны үндэс суурийг тавьсан хэмээн тодотгов.



Тэрбээр, "УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрдсэн найм дахь удаагийн парламент хүний эрхийг дээдэлсэн парламент байхаа тунхагласан. Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгахаас гадна нэгэнт батлагдан мөрдөж байгаа хуульд ч мөн хүний эрхийн талаар хяналт шинжилгээ хийн засаж залруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн хуулийн байгууллагад хүний эрхийг зөрчих явдалтай хатуу тэмцэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийг баталсан. Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд шинжлэх ухааны үндэстэй шинжилгээ, судалгаа хийх хэрэгцээ, шаардлага байсаар байна. Энэ чиглэлээр эрдэмтэн судлаачдын хийж буй судалгааны ажлыг дэмжиж, эрчимжүүлэх нь зүйтэй. Аливаа тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ зөвлөлдөн, улс төрийн зөвшлийг хангасны үндсэн дээр шийдвэрлэж байх жишгийг 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тогтоосон билээ. Энэ жишгийг цаашид ч хадгалах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээгээд эрдэм шинжилгээний хуралд амжилт хүслээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал уламжилсан юм. Монгол оронд өрнөсөн 1990 оны ардчилсан хувьсгал бол бид үндэсний язгуур эрх ашиг, ардчилсан үзэл санааны төлөө эвлэлдэн нэгдэж, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны шинэ тогтолцоонд шилжүүлж чадсан түүхэнд тодоор бичигдэх бахдам үйл явдал мөн хэмээн Ерөнхийлөгч онцолжээ.




Эрдэм шинжилгээний хурлын эхний илтгэл нь Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Гавьяат хуульч Д.Лүндээжанцан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан нарын “Монгол Улсын Үндсэн хууль бол “Хууль-Үндсэн хууль” мөн” сэдэвт илтгэл байлаа. Илтгэлийг Гавьяат хуульч Д.Лүндээжанцан танилцуулсан юм. Үндсэн хуульт ёс бол төрийн аливаа эрх мэдлийг хязгаарлагч, хүний үндсэн эрхийн баталгаа мөн бөгөөд хувь хүний “эрх” бүрийг жагсаан тунхаглахдаа бус, харин төрийг, түүний эрх мэдэл бүрийг нэг бүрчлэн хуульчилж өгөх нь түүний гол цөм болдог хэмээн тэрбээр илтгэлдээ дурдсан.


МУИС, Хууль зүйн сургуулийн захирал, профессор, Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа “Эдийн засгийн хөгжил ба Үндсэн хуулийн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр, "Төрийн капитализм” гэх ойлголт, төрийн капитализм руу Үндсэн хууль чиглэж буй эсэхэд анхаарлаа хандуулж илтгэлээ бэлтгэснээ онцолсон. 


Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хуралдаан “Үндсэн хуулийн 30 жилийн ололт, сорилт” ерөнхий агуулгын хүрээнд явагдсан бөгөөд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич, шинжлэх ухааны доктор, профессор Г.Чулуунбаатар “Үндсэн хуулийн зохицуулалт ба хүний хөгжил” сэдвээр, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа “Үндсэн хуулийн хэрэгжилт ба цаг хугацааны хамаарал” сэдвээр илтгэл тавьсан юм.


Үдээс хойших хуралдаан “Үндсэн хуулийн хэрэгжилтийн зарим асуудал” ерөнхий агуулгын хүрээнд явагдсан. 



МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Бямбажаргал нар “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байх ёстой ба байгаа хоорондын зөрчлийг шийдвэрлэх оролдлого хийсэн нь” сэдвээр илтгэл тавилаа.


Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD), профессор, Философийн ухааны доктор (PhD) Н.Лүндэндорж “Шударга ёсны хүсэмжлэл ба шүүх” сэдвээр, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Dr.rer.pol) О.Цэрэнчимэд “Улс төрийн нам ба Монгол Улсын 4 дэх Үндсэн хууль” сэдвээр, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн Эмерит профессор, Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл “Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс ёс суртахуун болох нь” сэдвээр илтгэл тавьсан.


Эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан илтгэлүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцогчид асуулт асууж, мөн хэлэлцүүлэг өрнүүлсэн.



Эцэст нь УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга Т.Аюурсайхан эрдэм шинжилгээний хурлыг хааж үг хэлсэн. Тэрбээр, эрдэм шинжилгээний хуралд ач холбогдол өгч, судалгаа шинжилгээнд үндэслэсэн сонирхолтой, асуудал хөндсөн сайн илтгэл тавьсан бүх илтгэгч нар болон Үндсэн хуулийн 30 жилийн ололт, сорилтын талаар чухал санааг дурдаж үг хэлсэн академич, профессоруудад талархал илэрхийлсэн. Мөн хуралд идэвхтэй оролцож, хэлэлцэж буй асуудлаар санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн ардчилсан Үндсэн хууль тогтоогч АИХ-ын депутатууд, үе үеийн УИХ-ын дарга нар, УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, гадны болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, их, дээд сургуулийн багш, судлаачдад талархал илэрхийллээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ