Баянхонгор, Дархан-Уул аймагт цагаан сар тэмдэглэхийг хориглов

Нийгэм
munkhtuya1104@gmail.com
2022-01-11 09:35:38

Covid-19-ийн шинэ хувилбар омикроноос урьдчилан сэргийлэх зорилгоор зарим аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлажээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр /2022.01.11/хуралдаж халдварын тархалттай холбогдуулан бүх нийтийг хамарсан спорт тэмцээн, хурал цуглаан хийхийг хоригложээ. Үүнд,

  • Энэ сарын 15-ний өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.
  • Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байхаар боллоо.
  • Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй

Энэ талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Эдийн засагт сөрөг нөлөөгүй, аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй байх арга хэмжээг бид баримтална. Оны өмнөх хоёр долоо хоногт Covid-19-ийн өвчлөл буурч, эмнэлгийн ачаалал багассан. Харин оны эхний долоо хоногт өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж өмнөх долоо хоногтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн. Тиймээс шинжилгээний цэгүүдийг дахин гаргаж цаашид цэгийн тоог нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Онцгой комиссын хэсэгчилсэн хуралдаанаар иргэдийн төлөөлөгчдийн саналаар дээрх гурван шийдвэрийг гаргасан бөгөөд аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үндсэн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр Аймгийн Онцгой комиссын гишүүд анхаарч байна. Мөн Малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг 64 хоногийн хугацаанд бүрэн хумьж дөрвөн сарын хугацаанд аймгийнхаа бүх малыг давтан вакцинд хамруулах чиглэлийг өглөө” гэсэн байна. 

Тэгвэл мөн Баянхонгор аймагт Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15 хүртэл хязгаарлажээ.



Холбоотой мэдээ