Нийслэлийнхэний шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгджээ

Нийгэм
munkhtuya1104@gmail.com
2022-01-11 09:26:47

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав. Монгол Улс 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол"-д нэгдэн, улмаар озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттай бууруулах, бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлж байна. Хөргөлт, агааржуулалтын төхөөрөмжид хэмжээгээр хэрэглэдэг хлортфторт нүүрстөрөгч төрлийн бодис болох фреоны үйлдвэрлэл, хэрэглээг өнөө үед 99 хувь хэрэглээнээс гаргаад байна.


Дэлхий дахины хэмжээнд 2006 оноос хойш өмнөх үеийн хлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодистой харьцуулахад озон задлах чадвар арай багатай гидрохлорт-фтортнүүрстөрөгч, хүлэмжийн хийн нэг төрөл гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг хөргөлт, агааржуулаптын системд хэрэглэх болжээ. Гэвч гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисууд нь дэлхийн дулааралд их хэмжээгээр нөлөөлдөг учраас улс орнууд хэлэлцэн 2016 оны 10 дугаар  сарын 15-нд Руанда улсын Кигали хотноо болсон Монреалийн протоколын ээлжит 28 дугаар хуралдаанаар Оролцогч тал Улсууд тохиролцоонд хүрч ”Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-д нэмэлт оруулж “Кигалийн нэмэлт, өөрчлөлт"-ийг баталсан гэдгийг БОАЖ-ын сайд онцлов.


Өнөөгийн байдлаар дэлхийн 126 улс орон нэмэлт, өөрчлөлтөд нэгдсэн бөгөөд манай улс нэгдэх нь дэлхийн дулаарлыг бууруулахад үзүүлэх нэг чухал алхам гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байгаа аж. Ийм учраас Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ ханган дэлхийн дулаарлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Кигалын нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг соёрхон батлах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барьсан байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх жилийнхээс илүү байгаа эсэхийг тодруулав.


Засгийн гаүрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Агаарын бохирдлын чанартай холбоотой асуудлыг хэд хэдэн судалгаа, шалгалтаар тогтоосон байна. Хамгийн эхний шалтгаан нүүрсний хэрэглээ. Тухайлбал, 2019-2020 онд 320 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол 2020-2021 онд 430 мянган тонн, 2021-2022 онд 620 мянган тонн буюу хоёр дахин их байна хэмээн БОАЖ-ын сайд хариуллаа.


Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжсэн учир санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ