Т.Баярхүү: Омикроны оргил үед хоногт 18-20 мянган тохиолдол бүртгэгдэх эрсдэлтэй

Covid-19
munkhtuya1104@gmail.com
2022-01-10 12:38:47

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, өрхийн эмчилгээг сайжруулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Уг шийдвэрийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцуулав.


Омикроны оргил үед эмнэлгийн ачаалал нэмэгдэх тул вакцинд хамрагдсан иргэн хөнгөн өвдөж байгаа иргэдийг гэрээр эмчлүүлэхийг УОК зөвлөж байна. Харин вакцинд хамрагдаагүй хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхэд түлхүү анхаарах гэлээ.


Мөн тэрээр, “Эрүүл мэндийн сайд дотоодод коронавирусний омикрон хувилбар тархсан талаар өмнө мэдээлж байсан. Засгийн газар хязгаарлалт, хөл хорио тогтоох шийдвэр гараагүй. Өнөөдрийн байдлаар коронавирусний вакцины хоёр тунд нийт хүн амын 66.6 хувь, гуравдугаар тунд 28.8 хувь хамрагдсан. Харин дөрөвдүгээр тунд 2000 гаруй иргэн сайн дурын үндсэн дээр хамрагдаад байна. Монгол Улсад коронавирусний омикрон хувилбарын дөрөв дэх давалгаа эхэлж байгаа бөгөөд энэ сарын 20-ноос ирэх сарын 10-нд оргил үе нь тохионо гэж тооцож байгаа. Энэ үед өдөрт 18-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн судалгаа бий. Коронавирусний халдвар авсан болон вакцин хийлгэсэн хүн омикрон хувилбараар халдварлахдаа хөнгөн өвдөж, хүндрэл, нас баралтаас хамгаалагдаж байгаа нь тогтоогдсон. Омикрон хувилбарын тархалтын үед өндөр настан болон жирэмсэн, вакцинд хийлгээгүй хүн омикроны давалгааны үед олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байх шаардлагатай. Тус хувилбар нь халдварлах чадвар өндөр учраас аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нэгэн зэрэг халдвар авах эрсдэлтэй. Иймд аж ахуйн нэгжүүд дотооддоо зохион байгуулалт хийж, цахимаар ажиллуулах, ээлжээр ажиллуулахыг УОК зөвлөж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ