Омикроны давалгааг аль болох хөл хорио тавихгүйгээр даван туулна гэв

Covid-19
munkhtuya1104@gmail.com
2022-01-10 02:48:02

Коронавируст халдварын омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдсэн билээ. 


Тэрбээр, " PCR шинжилгээний дараах вирусний генийн дараалал тогтоох шинжилгээгээр таван сорьцоос омикрон хувилбар илэрлээ. Манай улсад дотоодын халдвараас омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ долоо хоногийн хугацаанд өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо өдөрт 1000-аас дээш бүртгэгдлээ. Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байна. Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор,  Өвөрхангай аймагт өдөрт 50-иас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа нь цаашид халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байгаа юм. Иргэд айж, сандрах хэрэггүй. Омикрон хувилбар дельта хувилбартай харьцуулахад хөнгөн шинж тэмдэгтэй байгаа нь олон улсын судлаачдын гаргасан дүгнэлтээр батлагдсан" гэв.

Мөн тэрбээр Засгийн газар, Эрүүл мэндийн яам энэхүү давалгааг аль болох хөл хорио тавихгүйгээр даван туулахаар хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Иргэдийн оролцоо, хариуцлага, хамтын хүчээр энэ давалгааг хамтдаа даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэдгээ илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ