Цэргийн бүртгэлд “e-Mongolia” системээр бүртгүүлэх боломжтой

Нийгэм
munkhtuya1104@gmail.com
2022-01-04 05:26:25

Улс орон даяар цэргийн бүртгэл энэ сарын 5-наас эхлэхтэй холбогдуулан БХЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, ХХМТГ-аас цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Энэ жилийн цэргийн бүртгэл нь энэ сарын 5-22-ныг хүртэл явагдана.


Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж хэлэхдээ, “Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д Монгол Улсын Батлан хамгаалах яам нэгдлээ. Батлан хамгаалах яамнаас цахим хэлбэрээр үзүүлэх эхний үйлчилгээ бол цэргийн бүртгэл юм. Цэргийн бүртгэлийг бид улс орон даяар цахим хэлбэрээр явуулах боломжийг ХХМТГ-тай хамтарч, өнөөдрөөс нээж байна. Өмнө нь цэргийн бүртгэл хэрхэн явагддаг байсныг та бүхэн мэднэ.

Тухайлбал, цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой иргэн бүр өөрийн биеэр хороо, сумынхаа тамгын газарт очиж бүртгүүлдэг байсан бол өнөөдөр “e-Mongolia” системийг гар утас эсвэл суурин компьютероосоо шууд бүртгүүлэх боломжтой болсон. Батлан хамгаалах яам эхний ээлжид цэргийн тоо, бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж байна. Цаашид Батлан хамгаалахын төв архиваас алба хаасан тухай лавлагаа авах зэрэг цахимаар авах боломжтой үйлчилгээнүүдийг “e-Mongolia” системд нэгтгэхээр хамтран ажиллаж байна” гэлээ.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, “Цэргийн бүртгэл энэ сарыг дуустал явагдана. Цэргийн бүртгэлд 18-55 нас хүртэлх иргэд маань хамрагдах ёстой. Эдгээр иргэд маань “e-Mongolia” системийг ашиглан цахимаар бүртгүүлэх боломжийг бүрдүүллээ. Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороондоо очиж бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой” гэв.


Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “e-Mongolia” төслийн нэгжийн бизнес аналист Б.Батзул, “ХХМТГ иргэдийн хувьд хамгийн эрэлттэй буй төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа. Энэ удаад бид Батлан хамгаалах яамнаас иргэдэд үзүүлдэг “Цэргийн бүртгэл”-ийн үйлчилгээг цахимжууллаа. Цэргийн бүртгэлийн хүсэлтийг бид гурван төрлөөр авах боломжтой. Тодруулбал, нэгдүгээрт, “e-Mongolia” гар утасны аппликейшн, хоёрдугаарт www.e-Mongolia.mn сайт, гуравдугаарт, 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын төв болон 330 сум дээр байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнуудаар дамжуулан тус үйлчилгээг авах боломжтой. Интернэт орчинд “e-Mongolia” систем рүү нэвтэрч чадахгүй, ашиглаж мэдэхгүй иргэн байвал нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй “e-Mongolia” системийн операторуудад хандаж, тус үйлчилгээг авах боломжтой юм” гэв.

Холбоотой мэдээ