Замын-Үүдээр зөвхөн төмөр замын тээвэрлэлт хийжээ

Нийгэм
munkhtuya1104@gmail.com
2022-01-03 04:17:28

Өмнөх оны 12 дугаар сарын 31-нд төмөр замынхаас бусад тээвэрлэлт хийгдээгүй аж.


Тодруулбал, өнгөрсөн сарын 31-ний баасан гарагт төмөр замаар ачаатай 90 вагон 265 чингэлэг, хоосон 129 вагон 265 чингэлэг орсон бол нийт ачаатай 50 вагон 358 чингэлэг, хоосон 270 вагон 151 чингэлэг гарчээ. Хилийн гаальд 296 чингэлэг шилжүүлэн ачсан байна.


Мөн энэ сарын 1-нд төмөр замаар ачаатай 161 вагон 216 чингэлэг, хоосон 290 чингэлэг орсон бол нийт ачаатай 50 вагон, 285 чингэлэг, хоосон 262 вагон 46 чингэлэг гарчээ. Хилийн гаальд 113 чингэлэг шилжүүлэн ачжээ.


Харин автомашинуудын тухайд хилээр гарах явц удаашралтай байгаа ажээ. Учир нь хоёр сар гаруй хугацаанд асаагаагүй автомашинууд асахгүй, зарим нь түлш нь дууссан зэрэг хүндрэл гарсан байна. Гэсэн хэдий ч ассан автомашинуудыг хурдан хугацаанд гаргаж байгаа юм.


Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтод анх удаа чингэлэг тээвэрлэлт гэх шинэ горим нэвтэрч байгаа юм. Иймд эхний ээлжид төлөвлөснөөс удаан тээвэрлэлт явах асуудал гарах тал бий. Гэвч Замын-Үүд Эрээний авто замын боомт нээгдсэн нь л чухал байна. Ажил жигдрээд ирвэл чингэлэг тээврийг өдөрт 50 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэж Гаалийн газраас мэдээллэсэн юм.


Цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа бараагаар “КОВИД-19” дамжих нөхцөл бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон.


Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж, буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа бараа зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрээд буй.


Монголын тал Замын-Үүд боомтод чингэлэг байрлуулах талбай гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлыг богино хугацаанд хэрэгжүүлж, дотооддоо туршилт, тохиргоо хийж дуусаад, тэг цэг дээр ачаа нэвтрүүлэх, чингэлэг тээвэр солилцох туршилтыг өнгөрсөн сарын 3-нд хийсэн билээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ