Эдийн засгийг сэргээх "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг баталлаа

Улс Төр
munkhtuya1104@gmail.com
2021-12-31 02:44:03

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.


Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа “Шинэ сэргэлтийн бодлого" батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.


Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.


Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Шинэ сэргэлтийн бодлогын нэг үндсэн асуудал нь боомтыг хөгжүүлэх юм. Энэ хүрээнд хатуу хучилттай авто замаар холбогдоогүй байгаа боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажил хийгдэх бөгөөд үүнтэй зэрэгцүүлэн хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийх,  боомт даган үүссэн суурьшлын бүсийн статусыг тодорхой болгох, улмаар төрийн анхан шатны үйлчилгээг хүргэхэд анхаарах шаардлагатай байгааг хэлсэн юм. Ийнхүү гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлж, асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн.


Иймд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Үргэлжлүүлэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувь нь дэмжив.

Холбоотой мэдээ