Аялал жуулчлалын салбарынхан хил нээхийг хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.25/ аялал жуулчлалын салбарынхантай уулзлаа.
Энэ үеэр салбарынхан 2029 онд Монгол Улс гурван сая жуулчин хүлээн авч, 450 сая ам.доллар орлого олох бүрэн боломжтойг хэллээ.
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр "Монгол Улсын хувьд 7 сая 500 мянган жуулчин хүлээн авах багтаамжтай. Дэлхийн бүх хүмүүс жуулчин байж болох ч нөлөөллийг тооцох нь чухал. Тоо ба чанарын тэнцэл гэсэн үг. Мөн тавдугаар сарын 1-нд хилээ нээж өгөөч. Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлээч гэсэн хүлээлттэй байгаа юм шүү. Тэгвэл энэ зун 400 мянган жуулчин хүлээж авах боломж байгаа" гэлээ.
Монголын зочид буудлуудын холбооноос тухайн салбарын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тус холбооны тэргүүн С.Мөнхбат "2019 онд 460 зочид буудал үйл ажиллагаа явуулж байсан бол 2020 онд 430 болсон. Ажилтнуудын тоо өмнөх оноосоо 46 хувиар буурч 16.860 болоод байгаа. Зочид буудлаар үйлчлүүлсэн зочдын тоо 95 хувь буурч 45.650 байна. Үүнд ихэвчлэн гадаад улсаас ирж тусгаарлагдсан хүмүүсийн тоо хамаарна. Халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотойгоор зардал өссөн бөгөөд 2020 онд -89.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.
2020 оны нэгдүгээр сараас эхлээд зочид буудлууд жуулчин аваагүй тул байрууд маань ашиглалтгүй байгаа. Иймд үл хөдлөх хөрөнгийн татварыг тэглэж өгнө үү. Нийт зочид буудлууд жилдээ 600 тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн татварт төлдөг. Гэвч цар тахлын улмаас үйл ажиллагаа үндсэндээ зогссон тул 2021 оны долдугаар сарын 1-нээс торгууль, алданги тооцуулж эхлэх эрсдэлтэй байна. Төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол цомхотгол 60 хувь хүрэхээр байна " гэв.
Сангийн сайд Б.Жавхлан "Тусгаарлах байрны зориулалтаар ажиллаж буй 40 зочид буудлын үл хөдлөх хөрөнгийн татварыг тэглэх боломжгүй. Мөн газар үл хөдлөх хөрөнгийн татварыг нэг удаа чөлөөлөх 4.1 нэг их наяд төгрөгийн ачаалал төсөв дээр авсан байгаа. Тиймээс төсөв дээр нэмэлт ачаалал авах боломжгүй. Энэ бол суурь зардлууд байдаг. Энэ онд вакцинжуулалт дуусч, эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах төслийг хэрэгжүүлнэ. Хэрвээ бидний зорьсон хэмжээнд байж чадвал долдугаар сарын 1-нээс хойш эдийн засаг тогтворжино гэдэг хүлээлттэй байгаа" гэлээ.