
Болзолт уралдаанд шалгарсан 20 СӨХ-г Улаанбаатар хотын ЗАА дэмжиж ажиллана
"Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв", "Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо" ТББ-уудад бүртгэлтэй СӨХ-дын дунд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, заавар зөвлөмжийг дадал болгох зорилготой нэг сарын болзолт уралдааныг Захирагчийн ажлын албанаас зарласан. Энэхүү болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийг мэдээллийн үеэр танилцууллаа.
Нийт 17 шалгуур үзүүлэлт бүхий уг уралдааны дүнг үндэслэн байр эзлүүлнэ. Эхний 20 байранд орсон СӨХ-г өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм. Түүнчлэн тэдгээрийг
- Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын судалгаанд хамруулж дээвэр, фасад, лифт засварлахад дэмжлэг үзүүлнэ.
- Нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр бий болгох, засварлахад ажилд нь дэмжлэг үзүүлнэ.
- Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс 11 СӨХ-нд халуун хэмжигч бэлэглэнэ.
- Монголын халдваргүйтгэл, шавьж мэрэгчидтэй тэмцэх холбооноос есөн СӨХ-ны хариуцсан байруудад нэг удаа үнэ төлбөргүй ариутгал халдваргүйжүүлэлт хийж өгнө.
Болзолт уралдаантай холбоотойгоор СӨХ-дод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх сургалт, мэдээлэл арга зүйн зөвлөгөөг Захирагчийн ажлын албанаас өгч эхэлсэн байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс