
COVID-19 цар тахалтай холбоотойгоор онц байдал зарлан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг удаан хугацаагаар зогссон. Энэ удаан хугацааны дараа 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 2-хон хоног үлдээд байна. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хүртээмж хийгээд цар тахлын үеийн ариутгал, халдваргүйжүүлэлт гэсэн олон асуудал боловсролын салбарт хөндөгдөж байна. Бодит асуудалд анхаарлаа хандуулан ажиллах бус Кембрижийн хөтөлбөр гэх бичиг цаасны төдийд ажиллаж байгаа энэ салбарынханыг мөн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, хүртээмж дээр анхааран ажиллах ёстой нийслэлийн удирдлагыг шүүмжлэх хүн захаас аваад байна. Энэ асуудлуудыг нийгмийн анхааралд хүргэж, асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн удирдлага, эрх баригчдаас шаардан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлгийн гишүүн, НИХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяагийн байрь суурийг уншигч танд хүргэж байна.
НИХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа: COVID-19 цар тахал тархсанаас болоод БШУЯ-наас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой журам гарсан. Энэ журмын хүрээнд цэцэрлэгт 3-5 насны хүүхдийг хамруулахаар бэлтгэл ажил хангаж байна. Гэтэл нийслэлд 2-5 насны нийт 145,043 хүүхэд байгаагийн 3-5 настай хүүхэд 83,825 хүүхэд байна. Энэ нь нийт хүүхдийн 57,8 % юм. Гэтэл 2 настай 61,248 хүүхэд буюу 42,2 % болж байна. Энэ хүүхдүүдийн ард яг энэ тооны эцэг эхийн аль нэг нь ажлаа хийхгүй гэртээ байх болчхоод байна. Нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгээс ямар шийдэл дэвшүүлээд байна гэхээр одоо манайд хүүхэд харах үйлчилгээний төв Нийслэлд 180 бий. Энэ 180 төвд 1900 хүүхэд хичээллэдэг. Энэ 1900 хүүхдэд 2,5 тэрбум төгрөг зарцуулагдаж, 360 ажлын байр нэмэгддэг байх жишээтэй. Нийслэлийн АН-ын бүлэг, НАН юу гэж үзэж байна вэ гэхээр тухайн 2 настай цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийнхээ 20% хамруулбал 1224 хүүхэд харах төвд 12,250 хүүхдийг хамруулахад л 6,1 тэрбум төгрөг шаардлагатай буюу 2448 ажлын байр нэмэгдэж байх жишээтэй. 50% -д хүргэхэд ерөөсөө л 15 тэрбум төгрөг буюу ажлын байр 6120 нэмэгдэж байна. Ийм учраас хүүхдүүдийг битгий алагчлаач ээ. Дээрээс нь 2 настай хүүхдүүдийн ээж, аавуудыг ажлаа хийх боломжоор хангаач ээ гэж шаардаж байгаа юм. Гэтэл УИХ-ын эмэгтэй гишүүдээс Хүүхэд харах үйлчилгээнд 2 тэрбум төгрөг батлууллаа гэж ярьж байгаа. Энэ 2 тэрбум төгрөг бол нэг хүүхдийн хүүхэд харах үйлчилгээний хөлс 123,000 гэж үзэхэд 4 сараар үржүүлбэл энэ мөнгө 4,065 хүүхдэд хүртэж байх жишээтэй. Тэгэхээр энэ тоог хэтэрхий их өсгөж яриад байгаа нь худал ташаа мэдээлэл өгч иргэдийг төөрөгдүүлж байна. Энэ асуудлаа нэн шугаманд, үнэн бодит мэдээлэл өгөөч ээ гэж шаардлага тавьж байгаа юм.
Нийслэлд Төрийн өмчийн болон хувийн өмчийн сургуулиудаар боловсрол эзэмшиж байна. 1-5 ангийн хүүхдүүдэд хуулиараа гараас гарт гэсэн хөтөлбөр хэрэгждэг байгаа. Гэтэл яаж байна гэхээр өнөөдөр бол нэг ангид 20-25 хүүхэд хичээллэх журмын дагуу нэг анги дор хаяж 3 хуваагдаж байгаа. Ер нь бол 2-3 цагийн дараа хүүхдээ буцааж авах, буцааж хүргэж өгөх асуудал эцэг, эхэд гарч байна. Тэгэхээр 3 хүүхэдтэй эцэг, эх яах вэ? Ажилдаа яаж явах вэ? Хүүхдээ хүргэж өгөөд ажилдаа очиж чадаагүй түгжрэлд явж байтал дараагийн хүүхдээ авах цаг болчих асуудлууд гараад байгаа учир тэртэй тэргүй МУ маань дэлхийд жишиг болоод яг дотооддоо халдвар алдаагүй учир, 2,3 ээлжээр хүүхдүүдийг хичээллүүлж, эцэг, эхийг нааш цааш явуулж, түгжрэлд стрестүүлж, хүүхдээ яах уу? Гээд ажлаа үр бүтээмжтэй хийж чадахгүй асуудалтай тулгаруулж байхаар тэртэй тэргүй 2,3 долоо хоногийн дараа хичээлийг хэвийн горимоор хичээллүүлнэ гэж ЗГ-ын ХМА-наас мэдээлсэн. Тэгэх юм бол 9 сарын 1-нээс хичээлийг хэвийн байдлаар явуулж өгөөч гэж шаардлага тавьж байгаа юм.
Дээрээс нь сургуулиудын засварын мөнгийг сая,сая төгрөгөөр нь татаад авчихсан байгаа. Тэгэхээр засвараа ч хийж чадахгүй байгаа сургуулиуд маань өнөөдөр яаж ариутгалын бодис, халуун хэмжигч багажуудыг бүрэн гүйцэд авах асуудал хүндрэлтэй байна. Ээлж хооронд хүүхдүүдийн халууныг үзэж оруулахад нэг хаалгаар орж байгаа сургуулиуд нэг ээлжийг оруулахад дор хаяж 30 -40 минут зарцуулна. Энэ хооронд хүүхдүүдийн бөөгнөрөл, цагийн алдагдал гарна. Тийм учраас анги нийтээр нь хичээллүүлэхэд харьцангуй боломжийн гэж үзэж энэ шаардлагаа хатуу тавьж байна.
2019-2020 онд 227 Өдөр өнжүүлэхэд 4540 хүүхэд хамрагдсан. Өдөр өнжүүлэх төвийг эцэг, эх өөрсдөөсөө 250 мянган төгрөг гаргаад тухайн багшийг цалинжуулдаг. АН-ын бүлгийн зүгээс нийт 2-5 ангийн хүүхдүүдийг 10 % -ийг хамруулах юм бол 880 өдөр өдөр өнжүүлэх төвд 17,593 хүүхэд хамрагдах юм байна. Шаардагдах төсөв нь 8,8 тэрбум төгрөг болох юм байна. Энэ дээр нэмэгдэх ажлын байр бол 1432-оор нэмэгдэж байна. Үүн дээр Хүүхэд харах үйлчилгээтэйгээ дүйцүүлээд улсаас 123 мянган төгрөгийг шийдээд өгвөл эцэг эх 127 мянган төгрөгийг өөрсдөө шийдэх боломжтой. Ингэвэл нийслэлийн хүүхдүүдээ алагчлалгүй, чөлөөт цагийг нь зөв өнгөрүүлэх, бусад эрсдлээс хамгаална. Бүр 30 %-д хамруулах юм бол 2639 өдөр өнжүүлэхэд 52779 хүүхэд хамрагдаж, шаардагдах төсөв нь 26,6 тэрбум, 5278 ажлын байр бий болоод багш ажилчдын орлого нэмэгдүүлэх боломжтой. Энэ хөрөнгийг хаанаас гаргах вэ гэвэл Нийслэлийн төр захиргааныхаа байгууллагыг 97 тэрбум төгрөгөөр барьж, 2 тэрбум төгрөгөөр тохижилт хийхээр тусгаад байгаа. Гэтэл нийслэлд 16 хороо цэцэрлэггүй, 31 хороо сургуульгүй байна. Ийм үр ашиггүй зардал гаргаж байхаар сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийдмээр байна. 1 ордон барих энэ мөнгөөр 71 цэцэрлэг , 30 сургууль барих боломжтой.
Тэгэхээр манай нийслэлийн төр захиргааны байгууллагынхан өөрсдийнхөө тансаглалд хэтэрхий их мөнгө зарцуулж байна. Ард иргэдэд цахимжсан, иргэддээ хүрсэн үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй байна. Өөр нэг жишээ гэвэл Нийслэлийн эмэгтэй төлөөлөгчид Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт 2020 онд 800 сая төгрөгийг төсөвлөсөн. Гэтэл өнөөдөр 9 сар болох гэж байхад энэ мөнгийг хүүхдэд зарцуулсангүй. Тэгэхээр Нийслэлийн удирдлагууд маань хүүхдэдээ хэрхэн хандаж байгаа нь энэ жижигхэн жишээнээс харагдаж байна. Ийм учраас бид СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүддээ Хүүхэд харах төвүүдийн олшруулж хамруулах, 1-5 ангийн хүүхдүүдийг өдөр өнжүүлэхэд хамруулах, цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө тууштай тэмцэж байна.