
Франкфуртаас ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирус илрэв
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үэер ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрч, халдвартай нь батлагдсан хүний тоо 41 боллоо. Турк улсын нэг иргэн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ.
Өчигдөр 5 лабораторид 307 хүнд шинжилгээ хийлээ. Үүргийн онгоцоор ирсэн 275, Дорнодоос тандалтын шугамаар хийсэн 6 хүнд коронавирус илрээгүй. Дачин Тамсагт ажилладаг жолооч халуурч, хоолой нь өвдсөн, сорьц авч шинжлэхэд коронавирус илрээгүй гэдгийг хэллээ.
Ийнхүү манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 41 болж, 13 хүн эдгэрч, 28 хүн эмчлүүлж байна.
Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 6184 хүн тусгаарлах байранд байснаас өнөөдөр 800 гаруй иргэн тусгаарлалтад байна.
Тусгаарлах байранд байгаа иргэдэд улсын хэмжээнд 135 эмч, мэргэжилтэн тусламж үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт 939 хүн гэрийн тусгаарлалтад байгаа бөгөөд өрхийн эмч нар хяналт тавьж байгаа аж.