
Д.Нямхүү: Нийт 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхийн хэмжээнд 3.2 сая хүн коронавирусний халдвар авч, 228 мянган хүн нас барсан байна. Монгол Улсын тухайд өнөөдрийн байдлаар дахин халдвар нэмэгдээгүй бөгөөд коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 38 байснаас 10 өвчин эдгэрч одоогоор 28 хүн эмчлүүлж байгаа юм.
Мөн улсын хэмжээнд 5310 хүнийг ажиглалт тусгаарлалтад авснаас өнөөдөр 466 хүн ажиглалтад байна. Өчигдөр 284 хүн тусгаарлалтаас гарчээ.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нийт гурван лабораторид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан-12, Дорноговь аймагт тусгаарлагдсан-31 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан-1, Тандалтын 46 хүний шинжилгээнд болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд коронавирусний халдвар илрээгүй. ОХУ-аас ирсэн оюутнууд 20-иод хоночихлоо. Заримд нь 3, заримд нь 4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй" гэлээ.