
Д.Нямхүү: Москвагаас ирсэн нэг оюутнаас 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Туркийн нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарч, Москвагаас ирсэн нэг оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн талаар ХӨҮСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 36 болж, 9 хүн эдгэрлээ.
Коронавирусийн халдвар дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.7 сая хүн халдвар авч, 1.7 сая хүн эмчлэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд 958 хүн ажиглалтад байгаа аж.
Сингапурт өнгөрсөн 24 цагт 1024 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвартай хүний тоо 11 мянга давжээ. Японд бүртгэгдсэн нийт халдварын тоо 12 мянга давсан бөгөөд сүүлийн 24 цагт 400 гаруй хүн халдвар авч, 29 хүн нас барсан байна. Токио хотын захирагч иргэддээ гурав хоногт нэг удаа дэлгүүр, эмийн сан руу явахыг зөвлөжээ.