
Олон улсын тээврийн жолоочийн эхнэрээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн талаар өчигдөр мэдээлсэн. Тус иргэн нь гэр бүлээрээ ирсэн бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байжээ. Халдвар авсан иргэний ойрын хавьтлын 24 хүнийг тогтоож шинжилгээ хийхэд 23 хүнд вирус илрээгүй. Тээврийн жолоочийн машины бүхээгт хамт явсан эхнэрээс нь коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Монголд коронавирусийн халдвартай хүний тоо 35 болж, найман хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Сүүлийн 24 цагт ОХУ-д 5642 тохиолдол бүртгэгдэж, 51 хүн нас барсан байна. Нийт халдвар авсан хүний тоо 51 мянга давлаа. Өвчлөлийн 3000 гаруй тохиолдол нь Москва хот болон Москвагийн орчимд тархжээ.
Япон улсад өнгөрсөн 24 цагт 390 шинэ тохиолдол, нас баралт 20 бүртгэгдлээ. Халдварын тархалт өндөртэй байгаа гадаадын орны иргэдийг Япон улс өөрийн улсад нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг мягмар гарагт гаргалаа.
Сингапур улс халдварын тархалтын 2 дахь давалгаанд нэрвэгдэж, халдвар авсан хүний тоо 9000 давжээ. Гадаадын цагаач ажилтан халдвар тараасан бөгөөд цагаач ажилчдын нийт 43 байрны талаас илүүд нь халдвар тархжээ.