
Итали сувилагч: Би өмнө нь ийм олон хүн нэгэн зэрэг үхэж байхыг хараагүй
Италийн эрүүл мэндийн систем дэлхийн жишигт нийцсэн сайнд тооцогддог байлаа. Гэтэл цар тахлын хэмжээнд хүрээнд байгаа коронавирусын өмнө хүчин мөхөсдөж байгааг дэлхий нийт харж байна.
Умард Итали нь барууны орнуудад хамгийн сайн эрүүл мэндийн тогтолцоотой орнуудын нэг. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь сайн бэлтгэгдсэн. Коронавирусын халдвар тус улсын хөгжил сайтай бүс нутгуудаар тархаж эхлэх үед тэд хэдийнээ бэлтгэлтэй байв.
Гэвч тэд өнөөг хүртэл юу тохиолдож болохоос урьдчилан сэргийлж юу ч хийж чадахгүй байна.
"Би өмнө нь ийм олон хүн нэгэн зэрэг үхэж байхыг хараагүй. Бид дайны талбайн дундуур явж байгаа юм шиг санагдаж байна" гэж Умард Италийн Бергома хотын голлох эмнэлгүүдийн нэгэн сувилагч уйлж байна. Итали улс нь одоо Европод цар тахлын голомт болчихоод байгаа юм.
Дөрвөн долоо хоногт Италид 2500 гаруй хүн вирусын халдвараар нас барж 31,500 гаруй халдварын тохиолдол оношлогдож, тус улсын эмч нар ялангуяа хамгийн хүнд тусаж байгаа умардын хотуудын эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд аюулт өвчинтэй шөнө, өдөргүй тэмцэж байна. Ялангуяа эрүүл мэндийн ажилтнууд халдвар авч байгаа учраас тэд ажиллах хүчээ тэр бүү хэл хүнээ алдаж байна.
" Бид бие биедээ халдвар тарааж байна" гэж сувилагч ярив.
Шинэ халдварыг тогтоосноос хойших саруудад Италийн хойд хэсэг нь дэлхий дээр эрүүл мэндийн тогтолцоо нь хамгийн сайн хөгжсөн газруудын нэгд ч юу тохиолдож болохыг дэлхий нийтэд анхааруулсан үйл явдал болж байна.
Милан болон Бергома хотуудыг сүйрүүлээд байгаа бөгөөд Бергомад дангаараа бараг 3,800 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Хил хязгааргүй үй олон халдвар Ламбордигийн баян чинээлэг мужуудын эмнэлэгт гарч, зарим тасгийг эрчимт эмчилгээнийх болгож, нэмэлт ор бэлтгэх зэргээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа аж.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд дэлхий даяар коронавирусын халдвараар нийт 207,266 хүн өвчилж, 8,772 хүн нас бараад байна. Хятадад 3,237 хүн нас барсан бол Италид 2,978 нас баржээ. Энэ бол хамгийн өндөр нас баралт бүртгэгдсэн хоёр орон. Ялгаатай нь Хятадад халдвар намжиж тус улс тархалтыг дараад байгаа бол Итали улсад тархалтын хүрээ хумигдаагүй байгаа юм.

Эх сурвалж nbcnews.com, south china morning post
Д.Алигэрмаа