
БНСУ-д Монголын хоёр иргэн коронавирусын халдвар авсан гэдэг мэдээлэл албан ёсоор баталгаажаагүй байна
Манай улсын 2 иргэн covid19 халдвар авсан бүртгэлтэй байна гэж 3 сарын 13-ны өдрийн Жун Ан Илбу сонинд гарсан мэдээг Сөүлийн Күүкмин Их сургуулийн багш Ц. Өнөрзаяа орчуулан олон нийтэд хүргэсэн. Жун Ан Илбу сонинд бичсэнийг сийрүүлбэл:
Өвчний хяналтын төвийн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газрын мэдээлснээр өнөөдрийн 00 цагийн байдлаар БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр гадаадын иргэншилтэй 60 хүн халдвар авснаар бүртгэгдсэн байна.
Үүнээс Хятад 38 хүн, АНУ 7 хүн, Монгол 2 хүн, Вьетнам 2 хүн, Аргентин 2 хүн, Австрали 2 хүн, Тайланд 2 хүн, Польш 1 хүн, Япон 1 хүн, Индонез 1 хүн, Узбекстан 1 хүн, Малайз 1 хүн тус тус байна гэжээ.
Энэ мэдээлэл гарсны дараагаар Гадаад харилцааны яамнаас дараах тодруулгыг хийлээ.
БНСУ-д манай улсын хоёр иргэн Covid-19 вирусийн халдвар авсан гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан даруй Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас тодруулахад Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан тухай мэдээлэл байна, хувь хүний дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй тул Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахыг зөвлөсөн.
Үүний дагуу ЭСЯ-наас Халдварт өвчин судлалын төвтэй нь холбогдоход дурдсан хоёр тохиолдлын нэг нь Covid-19 вирусийн халдвар авсан нь өмнө тогтоогдсон манай улсын иргэн байсан бол хоёр дахь иргэний талаар өгсөн мэдээлэл нь бүрэн тодорхой биш байгаа тул халдвар авсан гэх манай улсын иргэний оршин суугаа хотын хотын эрх бүхий байгууллагаас дээрх мэдээллийг гүйцэд тодруулж баталгаажуулахаар манай ЭСЯ ажиллаж байна.
Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эх сурвалж нь тодорхойгүй, харилцан зөрүүтэй мэдээллүүд ихээр явж байгаа учир иргэдийг эдгээр мэдээллийг сайтар нягтлах, төөрөгдөхгүй байх, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөж байна гэсэн юм.
Харин Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас:
Бүгд Найрамдах Солонгос Улсад Монгол Улсын хоёр иргэн Covid-19 халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна.
БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд ч явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр боллоо.
БНСУ-д ажлын цаг дууссан тул маргааш өглөө ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна гэж мэдээллээ.
Д.Алигэрмаа