
Олон улсын залуу хийлчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагч Ч.Цэцэнд 19 сая төгрөгийн шагнал олгохоор боллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр болон удаах байруудыг эзэлсэн Циркчид болон Бяцхан хөгжимчин сурагчдад дараах мөнгөн шагналыг олгох шийдвэр гаргалаа.
БНХАУ-ын Учао хотод болсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн "Монголын циркийн хөгжлийн төв"-ийн уран бүтээлчдэд 40 сая, Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын цирркчдийн холбооны уран бүтээлчдэд 34 сая, Бүгд Найрамдах Чех Улсад болсон Косиан сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19 сая, хоёрдугаар байрын шагналт, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордоны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
Ж. Эрхэс