
Өмнөд Солонгосын Дэгү хот дэгдэлтийн төв болоод байна. Нийт 82 хүн халдвартай болох нь баталгаажив
Өмнөд Солонгост өнөөдөр буюу Пүрэв гарагт Шинэ коронавирусын 31 тохиолдол бүртгэгдэж халдвар авсан хүний нийт тоо 82 боллоо. Халдварын төв зүүн өмнөдөд байрлах Дэгү хот болоод байгаа бөгөөд халдвартай хүмүүсийн олонхи нь энд бүртгэгдсэн байна.
Энэ долоо хоногт халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 50-ыг давахад эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд вирус бүс нутгийн хэмжээнд тархаж эхэллээ гэж мэдэгдсэн юм.
Эрүүл мэндийн байгууллагынхны мэдээлснээр Дэгү хотод дахин 24 эмчийг нэмж ажиллуулах бөгөөд вирус илрүүлэх төвийн тоог нэмэгдүүлж 22 болгон өргөжүүлэхээр болжээ.
Хэдийгээр ийнхүү вирусын тархалт нэмэгдэж байгаа ч Солонгосын удирдагчид онц байдлын зэргийг " шар" буюу гуравдугаар түвшинд хэвээр байгаа талаар Солонгосын эрүүл мэндийн дэд сайд Ким мэдэгдсэн байна.
Шинээр бүртгэгдсэн халдварын 31 тохиолдлын 30 нь Сөүлээс зүүн өмнөдөд 300 км-т байрлах Дэгү хотод бүртгэгдсэн аж. Үлдсэн нэг нь Сөүлд илэрсэн гэж Солонгосын өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.
Дэгүд шинээр илэрсэн 30 тохиолдлын 23 нь Мягмар гарагт коронавирусын халдвар авсан нь баталгаажсан 61 настай эмэгтэйгээс халдвар авсан гэж мэдээлж байна. Мөн түүнчлэн Дэгү дэхь сүмийн үйлчилгээ, арга хэмжээний үеэр 40 хүн халдвар авсан болох нь тогтоогдсон. Тэдгээр хүмүүсийн хавьтлыг олж тусгаарлах зэрэг олон ажил өрнөж байгаа аж.
Шинээр халдвар авсан хүмүүсийн тохиолдлууд нь Хятад болон Зүүн өмнөд Ази руу аялаж байгаагүй хүмүүс байгаагаараа анхаарал татаж байгаа юм.
Өмнөд Солонгос өдөрт 5,000 коронавирусын шинжилгээг хийх хүчин чадалтай боловч энэ сарын сүүл гэхэд 10, 000 болгохоор төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж Yonhap news
Д.Алигэрмаа